» » Эрдэнэ Зуу музей
Эрдэнэ Зуу музей

 

Эрдэнэ Зуу музей үүсэн байгуулагдсан товч түүх
Эрдэнэ Зуу нь Монгол оронд оршин тотнож байсан төв Азийн нүүдэлчин төрт улсуудын өлгий болох Орхоны хөндий, тэр дундаа Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурин дээр 1586 онд байгуулагдсан. Уг хийдийг санаачлан байгуулагч нь Чингис хааны удмын Халхын Автай сайн хан юм. Эрдэнэ Зуу хийд нь хөгжил бууралтын олон шатыг давж байсан бөгөөд хөгжлийн хамгийн оргил үе болох  18-р зууны сүүл үед хэрмэн хашаан дотроо 60 гаруй сүм дуганатай байжээ. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дугануудыг нурааж устгасан  бөгөөд 20 орчим байгууламж бүрэн нурж усталгүйгээр үлдсэн байна.


Эрдэнэ Зуу хийдийг 1944 онд улсын хамгаалалтанд авч сэргээн засварлах ажлыг үе шаттай явуулж өнөөгийн дүр төрхөнд оруулан улмаар  1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Түүхийн Музей болгосон.


Тус музей нь сүм музейн хэлбэрээр байгууллагдсан учраас Эрдэнэ Зуу хийдийн сүм дуганы цогцолбор болон тэнд хадгалагдаж байсан шашин, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг хуучин байдлаар нь музейн үзүүллэгийн танхим болгон ашигласан юм. Музей байгуулагдсанаас хойш 1930-аад онд сүм хийдийг эвдэж устгах үед үрэгдэж алга болсон түүх, соёлын үнэт дурсгалуудыг ард олны гар дээрээс олж цуглуулах буюу шинээр сэргээн бүтээх ажлыг эхлүүлсэн бөгөөд музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлэх эл ажилд орон нутгийн ард иргэд  чухал хувь нэмэр оруулжээ.


Тухайлбал, Эрдэнэ Зуу музей байгуулагдах үеэр нутгийн сүсэгтэн олон өөрсдийн нууцлан авч үлдсэн тус хийдийн гол нандин шүтээн Гомбогүр бурхан, Зандан Зуу, Махгал бурхан зэрэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалуудыг авчирч өгсөн байна. Тэрчлэн Ч.Өвгөнхүү, Б.Хунгуу, Х.Чойжамц,  Ч.Лувсаншарав, С.Шарав нарын нутгийн уран дархчууд тус хийдийн гол бурхан шүтээнүүдийг сэргээн бүтээж, музейн үзмэр болгон залахад сэтгэл харамгүй хүчин зүтгэж байжээ.                                                            

 

Ийнхүү музейн үзмэр, сан хөмрөг нь жилээс жилд өсөн нэмэгдсээр төрөл бүрийн цутгамал, хөөмөл, модон сийлбэр, баримал шуумал, бурханы зураг, зээгт наамал, оёмол урлал, шашны зан үйлийн холбогдолтой эд зүйл, хөгжмийн зэмсэг, цамын баг, хувцас хэрэглэл, сүм хийдийн чимэглэл зэрэг ховор нандин шашны түүх, соёлын эд өлгийн зүйлсээр баяжигдсаар өнөөг хүрсэн юм.
2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нь нотолж Дэлхийн Өвд бүртгэсэн. Дэлхийн Өв-Орхоны хөндийн түүх, соёлын газрын томоохон дурсгалын нэг нь Эрдэнэ Зуу билээ. 


Эдүгээ Эрдэнэ Зуу музей нь 1800 гаруй метр.кв талбайг хамарсан 4-н талдаа асар хаалга бүхий  соёмбот суварга, хэрмэн ханаар хүрээлэгдсэн, дотроо эртний ур хийц хэлбэр агууллагаа хадгалж үлдсэн 20 орчим сүм дугана, суварга, олон тооны чулуун болон бусад дурсгалуудыг байрлуулсан байдаг. Сан хөмрөгтөө 7000 гаруй цуглуулгатайгаас  Монгол Улсын хосгүй үнэтийн гэрчилгээ бүхий 119 үзмэртэй. Түр үзэсгэлэнгийн танхим болон үзмэр үзүүллэгийн 8 сүмүүдэд нийтдээ 2000 гаруй үзмэр дэглэж үзэгч олонд үйлчилж байна.

 

Музей нь 20-23 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 35-40 мянга гаруй үзэгч хүлээн авч тайлбар таниулга хийн, олон нийтийн шашин, соёл урлаг, түүхийн талаархи мэдлэг боловсрол, танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр тасралтгүй ажиллаж, үйл ажиллагааны баялаг туршлага хуримтлуулсан, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд боломжит түвшинд хүрсний зэрэгцээ ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг музейнүүдийн дунд тэргүүлэх хэмжээний байр суурь эзэлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм.

 

  НАЙГАЛЫН ТӨМӨРБААТАР
  Эрдэнэ Зуу музейн захирал

 

  Төгссөн сургууль, мэргэжил
  1988 онд Хархорин сумын 10 жилийн сургууль
  2002 онд Удирдлагын академи Төрийн захиргааны удирдлагын менежер
  2009 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр

 

  Эрдмийн цол, зэрэг
  Төрийн удирдлагын магистр

 

  Ажилласан байдал
  1998-2002 онд Хархорин сумын 1-р 10 жилийн сургуульд багш
  2004-2008 онд Хархорин сумын ЗДТГазар Төрийн захиргааны түшмэл
  2008-2010 онд ОБЕГ-ын харъяа Хархорин сум дахь Улсын нөөцийн салбарын

  дарга
  2010-2011 онд Эрдэнэ Зуу музейн Эрдэм шинжилгээний ажилтан
  2011 оноос Эрдэнэ Зуу музейн захирал

 

 

 

Шагнал
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

 

Гадаад хэл
Орос


Цахим хаяг
tomor_70@yahoo.com

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр