Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын Верхоянск, Намск хотуудтай Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин сум хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэ үеэр “Умардын форум” ОУБ-ын гүйцэтгэх захирал Васильев Владимир Николаевич хэлэхдээ, “Аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах маш их боломжууд байна. Мөн “Умардын форум” ОУБ нь 2023 оноос эхлэн сургуулиудын хамтын ажиллагаанд онцгой анхаарч байгаа учраас соёл, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Бидний энэ үйл ажиллагаанд Хархорин сумын сургуулиуд идэвхтэй оролцдог” гэв.
Өвөрхангай аймгийг тус холбоонд элсэж, бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтийг тавьж байлаа. Сибирийн зүүн хойд хэсэгт байрлах Саха Улс нь үзэсгэлэнт байгальтай, түүх, соёлын өлгий нутаг бөгөөд аялал жуулчлал хөгжиж буй газар аж. Тавдугаар сараас тус улсын нийслэл Якут руу Монгол Улс шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.