АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ШИЙДЛИЙГ АШИГЛАНА
Харгалзах огноо: 2021-11-10 | Уншсан: 305
Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлын нэг бол агаарын бохирдол юм. 2022 онд аймгийн төвийн утааг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах бодолтой байна.
Энэ хүрээнд “Интеллигент технологи” ХХК-тай хоёр чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ. Бага, дунд оврын халаалтын зууханд зориулсан, утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг эхний ээлжинд Арвайхээр сумын ЗДТГ-ын уурын зуух, гэр хорооллын 100 өрхийн ердийн зууханд суурилуулна. Энэ төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцорыг стандартаас 20.6 дахин багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай юм.
Мөн Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж байгаатай холбогдуулан угаарын хийн эрсдэлээс хамгаалах хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ярилцаж байна. Хэдийгээр сайжруулсан түлш нь утаа тортог, аюул багатай ч хэрэглэгчдийн буруу ажиллагаанаас үүдэлтэйгээр хий алдах, угаартах эрсдэл бий. Энгийн нүүрс хэрэглэж байгаа ч угаартсан тохиолдол жилд 2-3 удаа манай аймагт гардаг.
Тиймээс энэ жил 500 айлд угаар мэдрэгч дохиоллын системийг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг төхөөрөмжийн мэдрэгч нь угаарын хий нэмэгдэх, аюултай түвшинд хүрэхэд дуут дохио гаргаж, тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээллийг хяналтын төвд илгээдэг технологийн орчин үеийн шийдэл юм.
Эдгээр ажлын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичгийг үйлдлээ.
Харгалзах огноо: 2021-11-10 | Уншсан: 305