» » ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛААС
ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛААС
Их эзэн богд Чингис хаан 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв.
Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
- Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
- Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
- Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.
- Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг.
- Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болбоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой.
Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох.
- Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө
- Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай. Нэг сэтгэлтэй яваарай
- Улсаа аваръя авраарай гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү"
- Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөхөр явбаас хүрьюү
Хүнд хэмээн бүү цөхөр өргөвөөс даагдьюу
- Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх
- Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтэлшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюү
- Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
- Өчүүхэийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно
- Буга гөрөөсийг битгий угт
Буруулсан дайсныг бүү нэх.
- Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх
Энх төр дор бичгийн ухаанаар засах.
- Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.
- Алтны дэргэд аваас шар нь халдмой.
Аргалын дэргэд аваас үнэр нь халдмой.
Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.
- Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
- Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?
- Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юү
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу
- Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
- Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
- Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
- Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй
- Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.

 

 

ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛААС

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр