"МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР"-ӨӨС "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" ГУРАВ ТӨРЖЭЭ
Харгалзах огноо: 2021-10-22 | Уншсан: 324
Манай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлж байна.
Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны иргэд олон байдаг. Тэдгээр иргэдээ дэмжих үүднээс малжуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна.
Сүүлийн дөрвөн жилд 194 сая төгрөгөөр залуу гэр бүлүүдийг малжуулснаар байнгын ажлын байртай, ашиг орлоготой болж, эндээс гурван ч “Аймгийн аварга малчин” төрөн гарчээ.
2021 онд аймгийн ХХҮГ-аас “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 22 залуу малчин өрхөд 1191 толгой бог мал худалдан авч өгсөн байна. Өнөөдөр эдгээр малчдынхаа туршлага солилцох, зөвлөлдөх уулзалтыг хийж байгаад талархаж, залуу малчидтайгаа цөөн үг солилцлоо.
Зөвхөн их, дээд боловсрол эзэмшсэнээр сайхан амьдардаг гэвэл үгүй. Хэн хөдөлмөрлөж байна, тэр хүн л сайхан амьдарна. Өвөрхангай аймгийн банкин дахь хадгаламжийн нэлээд хувийг малчдын хадгаламж эзэлдэг. Эндээс мал малласнаар хэнээс ч дутахгүй сайхан амьдрах бололцоотойг харж болох юм.
Тиймээс тодорхой тооны малтай болж, ажлынхаа гарааг эхлүүлж буй залуу малчдадаа баяр хүргэж, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Харгалзах огноо: 2021-10-22 | Уншсан: 324