» » ОРОН НУТГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 87 ХУВЬ НЬ ЖЕНДЭРИЙН ТАЛААР МЭДЛЭГ, ОЙЛГОЛТТОЙ БОЛЖЭЭ
ОРОН НУТГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 87 ХУВЬ НЬ ЖЕНДЭРИЙН ТАЛААР МЭДЛЭГ, ОЙЛГОЛТТОЙ БОЛЖЭЭ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХТХ)-ийн хэрэгжилтийг дэмжих, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяны үр нөлөөг хэмжих үнэлгээг Жендэрийн үндэсний консорциумын дэргэдэх зөвлөх баг орон нутгийн зорилтот бүлэгт хийж гүйцэтгэлээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд ЖЭТБ-ыг хангах хууль эрх зүйн орчныг олон улсад сайшаагдахуйц хангалттай хэмжээнд бүрдүүлж, саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг тууштай эрэлхийлсээр ирсэн. Үүний илрэл нь 2020 оны 10-р сараас эхлэн зургаан сарын турш үндэсний болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах замаар хамтран ажиллаж, иргэний нийгмийн хоолойг идэвхжүүлэн ажилласан “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний олон нийтийн мэдээлэл харилцаа (ОНМХ)-ны аян юм. Судалгааны дүнг харвал, “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяны хүрээнд цацагдсан мэдээ, мэдээлэл, сурталчилгааны материалыг хүлээж авснаар орон нутгийн зорилтот бүлгийн 87 хувь нь жендэрийн талаарх ойлголт, хандлагад өөрчлөлт гарсан гэж үзжээ.
Үндэсний аяныг төслийн зөвлөх баг болох Ийст Мейвэн ХХК гардан зохион байгуулж, үндэсний хэмжээний 3 ТББ, мөн Ховд, Баянхонгор, Булган, Өмнөговь, Дорнод аймгийн нийт 27 ТББ-аас бүрдсэн олон нийтийн мэдээлэл харилцаа (ОНМХ)-ны таван багийг бичил тэтгэлэгт шалгаруулж хамтран ажиллаа. Аян хэрэгжсэн зургаан сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр 128 удаагийн давтамжтай мэдээлэл харилцааны агуулгыг түгээсэн нь цахим орчинд 27 мянган удаагийн шейр хийгдэж, 3.47 сая удаа үзжээ . Харин нийгмийн сүлжээгээр түгээгдсэн 174 мультимедиа агуулга нь 572 мянган идэвхтэй хандалт буюу engagement авч, 1.5 сая фейсбүүк хэрэглэгчдэд хүрчээ. Энэ нь Монгол Улсын нийт насанд хүрсэн хүн амын 68.1 хувьд нь хүрсэн сайшаалтай үзүүлэлт юм. Харин төслийн орон нутаг дахь зорилтот бүлгийн хүн амын 84.3 хувь “Хүндлэлд хүйс хамаагүй” аяны үйл ажиллагааны мэдээллийг фейсбүүк болон аяны үйл ажиллагаанд оролцох хэлбэрээр зонхилон авсныг төгсгөлийн үнэлгээний дүн харууллаа.
“Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг хүлээн авсан зорилтот бүлгийн хүн амын 93.4 хувь нь аяныг үр дүнтэй болсон хэмээн үнэлсэн нь бодит тоо баримтад суурилсан мэдлэг мэдээлэл хүргэхээс гадна, тэгш бус байдлын сөрөг үр нөлөөг хүртэж буй иргэдэд урам зориг өгч, үл хүндлэл, тэгш бус байдлыг үл тэвчих хандлагад сэдэлжүүлэх, нөлөөлөх мэдээлэл харилцааны агуулгыг бүтээлч хэлбэрээр хүргэсний илрэл.
Аянаас өмнө зорилтот бүлгийн 26 хувь нь жендэрийн талаар зөв ойлголт, мэдээлэлтэй, үлдсэн 74 хувь нь ташаа ойлголттой байсан бол аянаас хойш 60.1 хувь нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, соёлын ялгаатай байдал болохыг зөв ойлгож, мэдлэгтэй болжээ.
Аяны хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нийгэм, эдийн засгийн үр шимээс эн тэнцүү хүртэхэд саад болж буй жендэрийн хэвмшэл ойлголтуудыг таниулсан агуулгуудыг уран сайхны хэлбэртэй, бүтээлч, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэн хүргэсэн нь үндэсний аяны үр дүнг онцгой ихээр ахиуллаа. Үүнийг зорилтот бүлгийн 25-45 насны эрэгтэйчүүд, 25-аас доош насны залуучуудын талаас илүү хувь нь жендэрийн талаар зөв мэдлэг ойлголттой болсноос харж болно. Нөгөөтэйгүүр, ОНМХ-ны багаас бэлтгэн түгээсэн мэдээлэл харилцааны агуулга бүр нь ЖЭТБ-ыг хангах нь хувь хүн, гэр бүл, нийгэм, улс орны хөгжилд эерэгээр нөлөөлдөг харилцан хамааралтай, ач холбогдол өндөртэй үзэл баримтлал болохыг ухуулан сурталчилсан мессэжүүдийг цогцоор нь өгөхөд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Сонирхуулахад, уг аян нь мэргэжил сонголт, хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, нийгэм, улс төр дэх оролцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг гааруулах шалтгаан болж буй хэвшмэл ойлголтыг халах зорилготой анхны үндэсний хэмжээний аян болсноороо онцлог юм. Гэвч хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд анхаараад зогсохгүй, жендэр болон ЖЭТБ-ын талаар суурь түвшний мэдлэг ойлголтыг илүү өргөн цар хүрээнд хүргэх, улмаар эрэгтэй, эмэгтэй хүйс тус бүрд хамаарах жендэрийн олон талт асуудлуудыг нийгэмд таниулахыг зорьсон. Тодруулбал, нийгэмд давамгайлж буй жендэрийн талаарх хязгаарлагдмал мэдлэг ойлголт, жендэрийн тэгш бус байдал, түүнийг дэвэргэгч хэвшмэл ойлголтууд болон бусад нөлөөтэй хүчин зүйлсийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сууриар нь өөрчилж ажиллаа.
“Хүндлэлд хүйс хамааралгүй” аян хэрэгжсэнээр нийгэм болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаарх олон нийтийн хүлээлт, хандлага уян хатан болсон. Аяны үр нөлөөг хэмжих уг судалгаанд оролцогчдын дийлэнх нь хэвшмэл үзэлгүй болж өөрчлөгдсөн үр дүнг судалгааны баримт нотолж байгаагаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр үүрэг, зан төлөвийн талаарх хэвшмэл үзлийг өөрчлөхөд ОНМХ-ны аян бодитоор нөлөөлсөн дүр зураг харагдаж байна. Тэр дундаа нөхөн үржихүйн насны 18-49 насны оролцогчид, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдийн дунд хэвшмэл үзлийг буруутгах хандлага зонхилох болжээ.
Аяны зорилтууд ийнхүү биелснээр нийгэм даяараа жендэрийн асуудлуудад анхаарал хандуулж, улмаар жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалд мэдрэмжтэй, шүүмжтэй ханддаг шинэ үеийн идэхвтэн, дэмжигчдийн орчин бүрдэж, харилцан хүндлэлтэй хандах соёл, хандлагыг бэхжүүлэхэд дуу хоолойгоороо оролцож эхэлсэн. Жишээ татахад, эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эрүүл мэнд, шийдвэр гаргах түвшин болон ажиллах хүчний оролцоо, ШИМТ салбар дахь охидын оролцоо, хөвгүүдийн боловсрол тэргүүтэй хэвлэл мэдээлэл, нийгэмд төдийлөн яригдаагүй шинэ шинэлэг сэдвүүд рүү хүмүүс анхаарах боллоо. Эцэст нь зорилтот бүлгийн судалгаанд оролцогчдын дийлэнх нь ЖЭТБ-ыг хангах нь амьдралд эерэг нөлөөтэй гэж үзсэн бөгөөд 86.5 хувь нь цаашид жендэрийн сэдэвт аливаа арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улс ЖЭТБ-ыг хангахад чиглэсэн хууль зүйн орчинг сайшаахуйц хэмжээнд бүрдүүлсэн ч олон нийтийн жендэрийн боловсрол дутмаг, хуулийн мэдлэг хязгаарлагдмал хэвээр байгаа нь “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг өрнүүлэх тэргүүн шалтгаан байсан юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индекст Монгол Улс энэ жил 10 байраар урагшилж 69 дүгээрт жагссан нь ЖЭТБ-ыг хангахад саад болж буй хүчин зүйлийг тодорхойлж, залруулах ажлыг цаашид эрчимжүүлэх хөшүүрэг боллоо. Тус аяныг Жендэрийн үндэсний хорооноос Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд хэрэгжүүлэв.

ОРОН НУТГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 87 ХУВЬ НЬ ЖЕНДЭРИЙН ТАЛААР МЭДЛЭГ, ОЙЛГОЛТТОЙ БОЛЖЭЭ

 

ОРОН НУТГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 87 ХУВЬ НЬ ЖЕНДЭРИЙН ТАЛААР МЭДЛЭГ, ОЙЛГОЛТТОЙ БОЛЖЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр