Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм.
Тусгаар тогтнолоо мандуулсны 108 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд хүн бүр тусгаар тогтнолын утга учир, ямар үнээр олдсон тухай илүү ихийг мэдэж, түүхээрээ бахархах учиртай. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний баярыг 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр болсон.
Энэ тэмдэглэлт өдрөөр Шанхын Баруун Хүрээ хийдэд хадгалагдаж байгаа Богд хаант Монгол Улсын ТӨРИЙН ТУГ -ийг эх хувиар нь гаргаж олон нийтэд үзүүлдэг уламжлалтай. Энэ жил сумын Засаг даргын Тамгын газар, Баруун Хүрээ хийд хамтран Үндэсний эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Хийдийн лам нар Очирваанийн хурал хурж, гурван төрийн үеийн төрийн дуулал эгшиглэж, “Хархорум” нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор Дамдинсүрэнгийн Хоролдамба лекц уншина.
Төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал тохиосон энэ өдөр та бүхнийг 2019 оны 12 дугаар сарын 29 ний 09.00 цагт Баруун хүрээ хийдийг зорин ТӨРИЙН ТУГ-андаа хүндэтгэл үзүүлэхийг урьж байна.
/Оролцогчид үндэсний хувцастай очихыг сануулж байна /