» » “ШИНЭ ХАРХОРИН” үйл ажиллагааны хөтөлбөр
“ШИНЭ ХАРХОРИН” үйл ажиллагааны хөтөлбөр

“ШИНЭ ХАРХОРИН” үйл ажиллагааны хөтөлбөр

 

ЭРХЭМ ЗОРИЛГО: Ил тод нээлттэй, хуулиа дээдлэх бодлого баримтлан төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэж, төрөлх нутгаа шинэчлэн хөгжүүлж, иргэдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой, ажилтай орлоготой, эрх чөлөөтэй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

 

ҮНДСЭН ЗОРИЛТ

Ажилтай орлоготой Хархоринчууд: Орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгож, эх үүсвэр, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар сумын эдийн засгийн өсөлтийг хангана. Эрүүл чийрэг Хархоринчууд: Эрүүл мэндийн салбарт ёс зүйд суурилсан оновчтой менежментийг нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн иргэдэд ээлтэй тэгш чанартай тусламж үйлчилгээг хүргэх замаар нийт хүм амын эрүүл мэндийг сайжруулж дундаж наслалтыг уртасгана. Эрдэм боловсролтой Хархоринчууд: Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай өөртөө итгэлтэй үндэсний уламжлал ёс заншлаа дээдэлсэн сурах хүсэл, тэмүүлэлтэй иргэнийг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Аюулгүй орчинтой Хархоринчууд: Байгаль орчныг хамгаалах тэнцвэрт байдлыг хангах нөөц баялагийг зохистой ашиглах нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн зохистой аюулгүй орчныг бий болгоно. Эрх чөлөөтэй Хархоринчууд: Сум багийн тулгамдаж буй асуудлаар ард иргэдийн дунд асуулга, хэлэлцүүлэг явуулж тэдний саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ХАРХОРИНЧУУД

1.2. Төсөв санхүү, хөрөнгө оруулалт

1.3. Хот байгуулалт, дэд бүтэц

1.4. Хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ

1.5. Хөдөө аж ахуй хүнсний аюулгүй байдал

1.6. Нийгмийн хамгааллын бодлого

1.1 Төсөв санхүү, хөрөнгө оруулалт Орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж,хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгож, эх үүсвэр, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар сумын эдийн засгийн өсөлтийг хангана.

1.1.1 Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах замаар сумын эдийн засгийн чадавхийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ.

1.1.2 Өмчийн менежментийг сайжруулах, эдийн засгийн чадамжтай өмчийг нэмэгдүүлэх, сумын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлнэ.

1.1.3 Хөрөнгө оруулалтыг тав хүртэл жилээр төлөвлөх зарчимд шилжүүлж, эх үүсвэрийг нэмэгдүүлэн, ажлын гүйцэтгэлд тавих иргэдийн хяналт, гүйцэтгэлийн чанар үр өгөөжийг сайжруулна.

1.1.4 Төсөвт байгууллагын “зардлыг санхүүжүүлдэг” аргыг өөрчилж, “Хөтөлбөрт төсөв”-ийн тогтолцоонд шилжүүлэн, төсвийн гүйцэтгэлийн тайлагналыг иргэдэд ил тод, нээлттэй болгоно.

1.1.5 Эдийн засаг нийгмийн статистик үзүүлэлтүүдийг цахим хэлбэрт оруулж , сар бүр олон нийтэд оновчтой хэлбэрээр мэдээлэх ажлыг хэвшүүлэх.

1.1.6 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл,хөтөлбөр,арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулж, иргэд олон нийтийн оролцох оролцоог нэмэгдүүлэн ил тод болгох.

1.1.7 Татварын орлогыг нэмэгдүүлэх, чиглэлээр дорвитой өөрчлөлт хийж, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлж, татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах замаар татварын суурийг өргөжүүлнэ.

1.1.8 Татварын албанаас татварын бүх төрлийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчийн үйлчилгээний менежментэд тулгуурлан татвар төлөгчдийг төлөвшүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлнэ.

1.1.9 Төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, сахилга хариуцлагын дээшлүүлэх зорилгоор төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчид, төрийн албан хаагчтай хариуцлага тооцох, ил тод шуурхай механизмыг бий болгож хэрэгжүүлнэ.

1.1.10 Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг тухайн засаг захиргааны татварын албанд татвар, төлбөр хураамжаа бүрэн төвлөрүүлдэг болгоно.

1.1.11 Үндэсний брэнд “Т” карт, “цахим гүйлгээ”, “цахим мөнгө”, “цахим хадгаламж” үйлчилгээг нэвтрүүлж, орон нутгийн хадгаламж, даатгал, зээл, валютын үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажиллана.

1.1.12 Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулах тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.13 Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийн бүртгэл, мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ, тайлан, тооллогын хяналтыг чанаржуулж, ил тод, нээлттэй байдлыг хангана.

1.1.14 Орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын, менежментийг сайжруулах орон нутгийн өмчийн оролцоог хувийн хэвшлийн түншлэлээр хамтран орлого нэмэгдүүлэх тогтолцоонд шилжүүлнэ.

1.1.15 Төсөл арга хэмжээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь техник эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төр ба хувийн хэвшлийн түншлэлд концессийн хуулийг хэрэгжүүлнэ.

1.1.16 Үр тариа, төмс хүнсний ногооны тариалалтыг бүх талаар дэмжиж, Зоорь хөтөлбөр хэрэгжүүлж, сумынхаа хэрэгцээг өөрсдөө хангаж, дотоод худалдааны сүлжээг зохион байгуулна.

1.1.17 Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулна.

1.1.18 МСҮТөвийг байгуулна.

1.1.19 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгох санал санаачилгыг дэмжих төслийг санхүүжүүлэх, сум хөгжүүлэх санг иргэдэд нээлттэйгээр хувиарлах, зарцуулалтыг ил тод тайлагнадаг болно.

1.1.20 Mалын түүхий эдийг шууд үйлдвэрт хүргэдэг хөдөө аж ахуйн хоршоо, брокеруудын үйл ажиллагааг дэмжин малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлнэ.

1.1.21 Сүү, цагаан идээ, мах, төмс, хүнсний ногоог эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах жижиг дунд үйлдвэр, хоршоо, хувь хүмүүсийн үйл ажиллагааг дэмжинэ.

1.1.22 Мах бэлтгэх зориулалттайгаар мал нядалгааны нэгдсэн цэгийг боловсронгуй болгож өөрчлөн зохион байгуулна.

1.1.23 Жалбаа, Шанх, Эрдэнэтолгой, Вангийн овоо, Нарийн хүр, Онгоцон Ухаа багуудад багийн төвийг шинээр барина.

1.1.24 Аялал жуулчлалын үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч “Хархорин 13-р зуун” цогцолбор, “Хархорум музей”-н сан хөмрөгийн өргөтгөл барих мэргэжлийн байгууллагуудын санаачлагыг дэмжин жуулчны гудамж байгуулах төсөл хэрэгжүүлнэ.

1.1.25 Аялал жуулчлалын төрлүүдэд түүний дотор тусгай сонирхолын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ.

1.1.26 Орон нутагт жуулчдаас олж болох орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний чанарыг сайжруулан, аялал жуулчлалын худалдаа эрхлэгчдийг стандартад нийцсэн байртай болгох, жуулчны баазууд болон музейтэй хамтран ажиллах тал дээр онцгой анхаарна.

1.2 Хот байгуулалт, дэд бүтэц

1.2.1 Нийтийн эзэмшлийн газрын тохижилтийг төсвийн болон хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд гэрээгээр хариуцуулна.

1.2.2 Иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотойгоор асуудлаа шийдвэрлэдэг, иргэд нь тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээдэг сум, багийн дүрэмтэй болгож, хотын соёлд суралцуулах ажлыг эхлүүлнэ.

1.2.3 Цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг дэс дараатай хийнэ.

1.2.4 Хархорин хотыг нэгдсэн дулааны хангамжийн системтэй болгох асуудлыг судалж, хэрэгжүүлж эхлэх, аж ахуйн нэгж, айл өрхийг дулааны нэгдсэн системд холбогдох нөхцлийг бүрдүүлж эхлэнэ.

1.2.5 Спортын ордон барина.

1.2.6 Хотын төв талбайг шинэчлэн, СЗДТГ-ын байр, биеийн тамирын зал, соёлын төвийн барилгын их засвар хийнэ.

1.2.7 Авто оношилгоо засварын үйлчилгээний орчин үеийн төвтэй болгоно.

1.2.8 Худалдааны захыг төрөлжүүлж, стандартын шаардлага хангасан бөөний төв байгуулах ажлыг дэмжинэ.

1.2.9 Орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хороолол барина.

1.2.10 Төрийн тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.2.11 Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлан иргэдийг хямд өртөгтэй болон Канад технологийн орон сууцтай болгох ажлыг дэмжинэ.

1.2.12 Гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбогдох ажлыг эхлүүлж, авто болон явган зорчигчдын зам тавих, гэрэлтүүлэг, ногоон байгууламж байгуулах, эрчим хүч, харилцаа холбоо, телевиз, радио, интернет, нийтийн тээврийн үйлчилгээ, ундны усны хангамж, хог тээвэрлэлтийг цогцоор нь шийдвэрлэж, иргэдийн амьдрах орчноо сайжруулах санал санаачилгыг дэмжинэ.

1.2.13 Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барина.

1.2.14 Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан хүүхэд залуучуудын тоглоомын талбайтай болно.

1.2.15 Гудамж талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн, хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгоно.

1.2.16 Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрийг интернет болон орон нутгийн эфирийн телевизүүдийг дамжуулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахим үйлчилгээнүүдийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, багийн төвүүдийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамруулна.

1.2.17 Улсын болон орон нутгийн чанартай зам гүүрийг барьж, засварлах, арчлах ажлыг авто замын сангийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар шат дараатайгаар хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулна.

1.2.18 Үерийн хамгаалалтын далан шуудуу барих, засч шинэчлэх ажлыг шинээр хийнэ.

1.2.19 Хуучин барилгын туурийг цэвэрлэх, нөхөн сэргээлтийг хийх, төвлөрсөн хогийн цэгийг цэгцлэх зэрэг ажлыг хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

1.2.20 Хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэд болон хувийн хэвшлийн оролцоотойгоор хотын төвийн нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоно.

1.2.21 Хотын ерөнхий төлөвлөгөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, ард иргэдийн саналд тулгуурлан өөрчлөн хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар ээлж дараатайгаар хийж гүйцэтгэнэ

1.2.22 Гэр хорооллын хашааны стандартыг бий болгож,баг хороодын зохион байгуулалтыг сайжруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замаар гудамж бүрийг гэрэлтүүлэгтэй болгоно.

1.2.23 Эмнэлгийн гүүрийг шинэчилж, төмөр бетонон гүүр болгоно.

1.2.24 Хотын агаарын бохирдлыг бууруулах шаардлагын үүднээс шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжинэ.Түлш нийлүүлэх нэгдсэн цэгийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулна

1.2.25 Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүтээн байгуулалтын шагнал бий болгож, сумаа хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг

шагнаж урамшуулдаг болно. /жил бүр/

1.2.26 ЕБГСС-ийг стандартын шинэ барилгатай болгоно.

1.2.27 Сургуулийн дотуур байрыг ашиглалтанд оруулна.

1.3 Хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ

1.3.1 Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих замаар хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэн, айл өрх бүрийг ажил, орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан бодлого боловсруулж, ажлын байр нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч 1.0 мянгаас доошгүй байнгын болон түр ажлын байр шинээр бий болгож, дээд боловсролтой ажилгүйчүүдийг ажлын байраар хангах, 40–өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

1.3.3 Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг бизнес эрхлэгчдийг төсөл хөтөлбөр боловсруулах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес эрхлэх арга ухаан, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд туслах, арга зүйн зөвөлгөө өгөх чиглэлээр өргөжүүлж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн биет болон онлайн сүлжээг нэвтрүүлж, тогтвортой үйл ажиллагааг хангана.

1.3.4 Шинээр ажлын байр олноор бий болгосон, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх,тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар идэвхи санаачилгатай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримтлана.

1.3..5 Мэргэжлийн чиг баримжаа олгох давтан сургах, зөвөлгөө өгөх мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээний чанарыг сайжруулан үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлнэ.

1.3.6 Аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байрны аюулгүй байдлыг хангах, ажиллах нөхцлийг сайжруулах, цалингийн сүлжээг цагийн тарифаар

олгодог болгох.

1.3.7 Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 795 саяаас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлж, зээлийн батлан даалтын тогтолцоог бий болгоно.

1.3.8 Иргэдийн амьжиргаа, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Малжуулах”, “Гэр”, “Орон сууц”, “Төмс, хүнсний ногоо”, “Ажлын байр”, “Нутгийн бүтээгдэхүүн” чацаргана төслүүдийг хэрэгжүүлнэ.

1.3.9 Мах, сүүний болон гахай, тахианы фермерийн аж ахуй,эрчимжсэн МАА байгуулах, хоршоо, нөхөрлөл, малчны бүлэг зэрэг хөдөлмөрөөрөө хорших санал санаачлагыг бодлогоор дэмжиж, газар тариалангийн үйлдвэртэй хослуулан хөгжүүлэх бодлого баримтлана.

1.3.10 Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, засварлах, авто зам барих, засварлах, байгаль орчинд халгүй техник, технологи бүхий шахмал түлш, импортын бүтээгдэхүүнийг орлох барилгын материал үйлдвэрлэл, канад технологийн барилгын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын аж ахуй нэгжийг дэмжинэ.

1.3.11 Орон нутгийн аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах цогц арга хэмжээ авч “Хархорины намар” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулах.

 

1.4 Хөдөө аж ахуй хүнсний аюулгүй байдал Байгаль цаг агаарын нөхцөлд тэсвэртэй бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, малчин өрхийг үйлдвэрлэгч болгох цогц арга хэмжээ авч, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжин, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр сумын хүн амын хүнсний хэрэгцээг хангана.

1.4.1 Малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч, мал хамгаалах сангийн хөрөнгийн хэмжээг эрс нэмэгдүүлж, олон улсын стандартын дагуу мал сүргийг бүртгэж, даатгуулах ажлыг зохион байгуулна.

1.4.2 Бэлчээрийн мал аж ахуйг зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн байгаль орчин, бэлчээрийн даацад тохируулан үр ашигтай эрхлэн хөтлөх, малчдын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэдний залуу халааг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.4.3 Малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг зохион байгуулж, өндөр ашиг шимтэй малын үржил селекцийг сайжруулан, малчин өрхүүдийг цөөн тооны өндөр ашиг шимтэй малтай болох сонирхолыг дэмжиж ажиллана.

1.4.4 Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж, мал эмнэлэг, үржлийн нэгжийн тоог нэмэгдүүлнэ.

1.4.5 Төмс хүнсний ногоо, мал аж ахуй үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бага оврын трактор дагалдах тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.

1.4.6 Бэлчээрийг зохистой ашиглах бодлого боловсруулж, бэлчээрийг бордох, олон наст ургамал тариалах, хашиж, хамгаалах зэргээр бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулж, холимог, багсармал тэжээл үйлдвэрлэх жижиг оврын үйлдвэр байгуулж, үйлдвэрийн аргаар бэлтгэх тэжээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

1.4.7 Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, засварлах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, бэлчээрийг сайжруулна.

1.4.8 Тариалангийн болон хадлангийн талбайг хашаажуулах ажлыг дэмжинэ.

1.4.9 Сумын хүн амын хэрэгцээт гурилын 50–аас доошгүй хувийг үйлдвэрлэх стандартын шаардлага хангасан гурилын үйлдвэр барих санал санаачлагыг дэмжиж одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник технологийн шинэчлэлт хийхэд дэмжлэг үзүүлнэ.

1.4.10 Жимс, жимсгэнэ тариалах талбайн хэмжээ, авах ургацыг нэмэгдүүлж, хүн амын хүнсэнд хэрэглэх, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

1.4.11 Сумын хүн амын хэрэгцээг мах, сүү, төмсөөр 100% хангаж гурил, өндөг, хүнсний ногоог эх орны болон орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангана.

1.4.12 Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний технологи,стандартын хэрэгжилтийг хангуулах замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, стандартын шаардлага хангасан худалдааны төвтэй болно.

1.5 Нийгмийн хамгааллын бодлого Иргэддээ мэдлэг боловсрол эзэмшиж, сурч боловсрох эрүүл мэндийн болон нийгмийн хамгаалалын үйлчилгээнд адил тэгш хүртээмжтэй хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийг дэмжсэн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.5.1 Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ чадамжид суурилсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, ахмадуудад зориулсан чийрэгжүүлэлтийн болон чөлөөт цагийн танхим байгуулна.

1.5.2 Залуучуудад зориулсан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх “Хархорин хөгжлийн төлөө” залуучуудыг дэмжих хөтөлбөр боловсруулж, клуб байгуулахыг дэмжинэ.

1.5.3 Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, сайн дурын даатгуулагчдийн тоог нэмэгдүүлнэ.

1.5.4 Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, хамгаалах чиглэлээр түр байрлуулах үйлчилгээ үзүүлэх ТББ, хувийн хэвшлийн санал, санаачлагыг дэмжинэ.

1.5.5 Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд дэмжлэг үзүүлнэ.

1.5.6 Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдийг сонгож, тэдний хүсэл, хэрэгцээ, санаачлага дээр тулгуурлан нийгмийн үйлчилгээг багцлан хүргэж, өрхийн хөгжлийг дэмжинэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХАРХОРИНЧУУД

Эрүүл мэндийн салбарт ёс зүйд суурилсан оновчтой менежментийг нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн иргэдэд ээлтэй тэгш чанартай тусламж үйлчилгээг хүргэх замаар нийт хүм амын эрүүл мэндийг сайжруулж дундаж наслалтыг уртасгана.

2.1 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд лабораторийн чадавхийг сайжруулж, үйлчилгээг хурдавчлах, угтах, үдэх үйлчилгээг бий болгон хэвшүүлж, цахим сүлжээний үйлчилгээг сайжруулна.

2.2 Эмч эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн харилцаа хандлагыг өөрчилж, эмнэлгийн байгууллага, эмч ажилтнуудын ажлын хариуцлага алдсан ёс зүйд хариуцлага тооцдог журмын мөрдөлтөнд хяналт тавьдаг тогтолцоог бий болгоно.

2.3 Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажиллагсдын мэдлэг, ур чадвар, мэргэшлийг тасралтгүй дээшлүүлнэ.

2.4 Эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг иргэдэд төлөвшүүлэхэд чиглэгдсэн цогц бодлогыг ТББ, иргэд олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.

2.5 Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэн, төрөхийн өмнөх байрны үйл ажиллагааг сайжруулна.

2.6 Эмийн чанар аюулгүй байдлыг хангах, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн, эмийн бус эмчилгээ, уламжлалт ангаах ухааныг хөхүүлэн дэмжинэ.

2.7 Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл барьж,өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх материаллаг нөхцлийг сайжруулан, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.

2.8 Өрхийн эмнэлгүүдийг багийн дунд нь байгуулж, иргэдэд хүрч үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулна.

2.9 Өвчнийг эрт илрүүлэх зорилгоор бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан үзлэгээр илэрсэн өвчтөнг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд авч эмчилж эрүүлжүүлнэ.

2.10 Телемедициний үндэсний сүлжээнд хамрагдаж, зайн оношлогоог нэвтрүүлэх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.11 Иргэдийг дээд шатлалын эмэнэлэгийн эмч нарын үзлэгт жилд нэг удаа хамруулна.

2.12 Түргэн тусламжийг бүрэн тоноглогдсон машинтай болгож, алслагдсан багийн иргэдэд үйлчлэх нарийн мэргэжлийн эмч нарын хуваарийг гаргаж тусламж үйлчилгээг тогтмолжуулна .

2.13 Өрхийн болон нэгдсэн эмнэлэгийг шаардлагатай нарийн мэргэжлийн эмчээр хангах үйл ажиллагааг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

2.14 Ахмад настны нөхөн сэргээх кабинетийн үйл ажиллагааг өргөжүүлж, эмчилгээ сувилгааны өдрийн стационар нээн ажиллуулна.

2.15 Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч, хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлэгт эмчилснээр шүд цоорох өвчлөлийг бууруулж, хүүхдийн эмчийн тоог нэмэгдүүлж, сургуулийн эмч нарыг чадавхижуулна.

2.16 Нийтийн биеийн тамир спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлж биеийн тамир спортыг хөгжүүлэх бие бялдарыг чийрэгжүүлэх эрүүлжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ХАРХОРИНЧУУД

Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай өөртөө итгэлтэй үндэсний уламжлал ёс заншлаа дээдэлсэн сурах хүсэл, тэмүүлэлтэй иргэнийг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.1 Сургууль цэцэрлэг бүр өөрийн орон нутгийн онцлогт нийцсэн эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан Монгол бахархал үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн хөтөлбөр, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх хэлээрээ зөв ярьж бичих чадварыг эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулахад гэр бүл, эцэг,эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.2 Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гэр бүлд зөвөлгөө өгөх үйлчилгээг шинээр бий болгон тогтмолжуулна.

3.3 Боловсролын байгууллагын ажилтны мэргэжил, боловсрол, ур чадвар, арга зүйн хөгжлийг дэмжсэн “Багшийн хөгжил” хөтөлбөрийг дэмжин ажиллана. Багшийн ёс зүйг баримтлах, багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж хүүхэд бүрийн хөгжил төлөвшилд онцгой ахиц гаргах боломжийг бүрдүүлэн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

3.4 Хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжих, гэр цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтыг 80 % хүргэнэ.

3.5 Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг багш, эцэг эхийн саналыг үндэслэн өндөр шалгуураар томилуулах чиглэлийг баримтлана.

3.6 Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлийн дугуйлан төвүүдийг дэмжиж хүүхдийг амьдрах ухаанд сургах, ардын ёс заншлыг уламжлуулах төсөл, авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.7 Мэдээллийн технологийг сургалтын орчинд ашиглах, интернетийн сүлжээ оруулах, биеийн тамирын талбайг тохижуулах,биеийн тамирын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлнэ.

3.8 Цэцэрлэг, сургуулиудын их засвар, хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. нийтийн халуун усны газартай, хичээл давтах тусгай техник хэрэгсэлтэй танхим, номын сантай болгож, “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.10 Сумын номын санд орчин үеийн технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн төв болгож хөгжүүлнэ.

3.11 Соёлын биет болон биет бус өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах тогтолцоог бий болгох зорилгоор төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

3.12 “Орон нутаг судлах танхим” -ын үйл ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн соёлын өв сурталчлах төв болгоно.

3.13 Хүүхэд залуучуудын паркийг тохижуулж төвийн багуудад биеийн тамир чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн тоглоомын талбайг байгуулна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ ХАРХОРИНЧУУД

Байгаль орчныг хамгаалах тэнцвэрт байдлыг хангах нөөц баялагийг зохистой ашиглах нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн зохистой аюулгүй орчныг бий болгоно.

4.1 Байгаль орчин ногоон хөгжлийн зөвлөл байгуулна.

4.2 Орон нутгийн иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй хамтран байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргана.

4.3 Ойн санг түймэр, хөнөөлт шавьж, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах, ойжуулалт хийх, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эрчимжүүлэн хяналтын тогтолцоог бүрдүүлж, байгууллага айл, өрх бүрт мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж, төв суурин газрын ногоон байгууламжийг одоогийн түвшинээс 2 дахин нэмэгдүүлнэ.

4.4 Түлшний хангамжийг зохистой арга хэлбэрээр шийдвэрлэх, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжинэ.

4.5 Усын нөөц, булаг шандын эхийг хамгаалах,нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

4.6 Төв суурин газрын усан хангамжийн эх үүсвэрийг тоолууржуулж, үнийн зохистой бодлого хэрэгжүүлэн, ус зөөлрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлж, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усны хангамж хүртээмжийг нэмэгдүүлнэ.

4.7 Иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох байгаль орчныг хамгаалахын ач холбогдлыг сурталчлах ажлыг тогтмолжуулна.

4.8 Хог хаягдлын үүсэлтийг бууруулах, хоггүй технологи нэвтрүүлж хог хаягдлыг ландфиллийн аргаар устгах ажлыг нэвтрүүлэх

4.9 Нийтийн эзэмшлийн газрын хамгаалалтыг сайжруулан иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг эрчимжүүлж, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит боломжийг бүрдүүлнэ.

4.10 Газрын мэдээллийн нэгдсэн сан байгуулна.

4.11 Гэмт хэргийг бууруулах зорилгоор архигүй хамт олон, албан байгууллагуудыг шалгаруулж, урамшуулан ажиллана.

4.12 “Архигүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжинэ.

4.13 Цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудыг хуулиа хэрэгжүүлэхэд нь эдийн засаг болон бусад бүх боломжоор дэмжиж, тэнд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна.

4.14 Сумын төвд камерийн хяналтын систем нэвтрүүлж, цагдаагийн хэлтсийг шаардлагатай боловсон хүчнээр хангаж, техник тоног төхөөрөмжийг сайжруулна.

4.15 Улс орон нутгийн чанартай авто замуудад тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийж, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ

4.16 Хүний эрхийг хангах, захиргааны шийдвэр гаргах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

4.17 Малын хулгайтай тэмцэх ажлыг удирдлага зохион байгуулалтын шинэ түвшинд хүргэж, багийн дарга, малчид, мал бүхий иргэд, цагдаа хүчний байгууллага, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллана.

4.18 Орон байрны хулгай болон гэмт хэрэгтэй тэмцэх талаар шинэлэг хэлбэрийг судлан, хөршийн холбоо байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

4.19 Хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч суманд эрүүл ахуйн байцаагч ажиллуулна.

4.20 Төвлөрсөн халаалтын системийг судлан шийдүүлэх, утаагүй зуух хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлнэ.

4.21 ТББ болон иргэдийн оролцоотойгоор хот доторх улсын чанартай зам дагуу мод тарьж цэцэрлэгжүүлнэ.

4.22 Аврах гал унтраах ангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зэрэглэлийг дээшлүүлэх, галын иж бүрэн депогийн байр барихад холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ.

4.23 Гал унтраах болон аврах машин техник, багаж хэрэгсэлийн парк шинэчлэлтийг дэс дараатайгаар шийдвэрлэж, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлийн бэлэн байдлыг хангана.

4.24 Суманд 250 тн өвс тэжээлийн нөөцийн фонд байгуулна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХАРХОРИНЧУУД

5.1 Сум багийн тулгамдаж буй асуудлаар ард иргэдийн дунд асуулга, хэлэлцүүлэг явуулж тэдний саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно.

5.2 Иргэний нээлттэй танхим ажиллуулна.

5.3 Төрийн байгууллагуудад угтах үйлчилгээ нэвтрүүлнэ.

5.4 Төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэж, үйл ажиллагааг нь ил тод болгож гүйцэтгэлд нь иргэд хяналт тавьдаг нөхцлийг бүрдүүлнэ.

5.5 Төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын ёс зүйн зөрчилд хариуцлага тооцдог тогтолцоонд хяналт тавьж ажиллана..

5.6 Төрийн захиргааны байгууллага нь аливаа асуудлыг улс төржихгүйгээр шийддэг,иргэддээ үйлчилдэг иргэний нийтийн алба болгон өөрчилнө

5.7 Төрийн байгууллагуудад үйл ажиллагаагаа тогтмол сурталчлахад зориулж хөрөнгө төлөвлөдөг болгож, иргэдийг төрийн мэдээллээр хангах үйл ажиллагааг нээлттэй, тогтмол болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

5.8 Нэг баг шинээр байгуулна.

5.9 Төрийн бүх шатны байгууллагын төсвийн зарцуулалтын тайланг хагас,бүтэн жилээр гаргаж цахим хуудсанд байршуулан “ Ил тод төсөв” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.10 “Нэг цонх”-ны зарчмыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, иргэн зөвхөн төрийн нэг албан хаагчтай харилцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэнд үйлчилнэ.

5.11 Мэдээллийн удирдлагын цогц программтай, мэдээлэл технологийн орон тооны мэргэжилтэнтэй болгож давтан сургалтанд хамруулна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр