» » Өвөрхангай /МОНЦАМЭ/ Эртний нийслэл, түүх соёлын өлгий нутаг Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай ярилцаж, сумын хөгжил дэвшил, цаг үеийн ажилтай танилцлаа.
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Эртний нийслэл, түүх соёлын өлгий нутаг Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай ярилцаж, сумын хөгжил дэвшил, цаг үеийн ажилтай танилцлаа.

Хархорин сум хаяагаа тэлж, нэлээн өргөжсөн харагдаж байна. Бүтээн байгуулалт ч багагүй өрнөжээ. Энэ онд хийх

томоохон бүтээн байгуулалтаас дурдахгүй юу?

-Хархорин сумын 8 багт 3600 гаруй өрх айлын 13 мянга орчим хүн амьдардаг. Үүний дээр түр оршин суугчид болох 3 мянгаад хүн бий. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэд бүтцийг шийдвэрлэх ажил илүү эрчимтэй өрнөж байна.

Энэ онд улсын болон хувийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил нэлээн хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Мөн 400 хүний суудалтай Соёлын төвийг 7 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Сумын төвд нийтдээ 790 метр зам, орон сууцны шинэ хороололд 365 метрийн асфальтан зам тавина. Сумын ОНХС-гаас зам дагасан гэрэлтүүлгүүдийг суурилуулах ажил хийнэ. Хөрсний элэгдлээс болоод сумын төв рүү үер орж ирдэг, байгалийн эрсдэлтэй нөхцөл үүсээд байсан. 2014 оноос үерийн далан барих ажлыг үе шаттай эхлүүлж, 2016 онд эхний хэсгийг ашиглалтад оруулж байсан юм. Энэ жил улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үерийн далангийн хоёр дахь хэсгийг барьж ашиглалтад оруулна.

Орон нутгийн хөгжилд зөвхөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна хувийн хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлдэг. Хувийн аж ахуйн нэгжүүд орон нутагтаа ажлын байр бий болгосноор ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад түлхэц болж өгдөг. Энэ жил Хархоринд өвлийн аялагчдыг хүлээн авах хоёр жуулчны бааз шинээр барьж байна. Нэг ээлжиндээ 200-гаад хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз ашиглалтад орох юм. Мөн өндөр зэрэглэлийн зочид буудал барихаар шаваа тавилаа. Ноос угаах үйлдвэр байгуулахаар газраа авч, ТЭЗҮ-ээ боловсруулаад явж байна.

Аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр газар олголтыг дуудлага худалдаагаар зохион байгуулсан. Эдгээр газруудад бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж найдаж байгаа.

- Хаус хороолол баригдаад эхэлжээ.

- Орон сууцжуулах бодлого барьж байгаа. 24 айлын орон сууц 7 дугаар сард ашиглалтад орно. Мөн 25 айлын орон сууц барьж байгаа. Хаус хороолол барихаар 60 айлын газар шийдээд гурван жил болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 54 айл орчин үеийн тохилог, цэвэр бохир ус, нэгдсэн халаалтын шугаманд холбогдсон хауст амьдарч байна. Зөвхөн Улаанбаатарт л ая тухтай амьдардаг юм биш, хөдөө орон нутагтаа ч ийм нөхцөл боломжийг бүрдүүлж болдгийг харуулах гэж энэ ажлыг санаачилж хийсэн. Иргэд ч маш талархалтай хүлээж авсан. Ногоон орчин бүрдүүлэх ажлыг тухайн айл өрхүүд үргэлжлүүлэн хийж байгаа.

Хархоринд энэ жил олон тэмдэглэлт ой тохиох юм байна. Бэлтгэл ажил ямар байна вэ?

- Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Хархорин сумын түүхэн хөгжил газар тариалантай салшгүй холбоотой. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор Хархорин сум, Сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй. Хархорины Сангийн аж ахуйг байгуулсан цагаасаа эхлэн атар газар эзэмшин өндөр ургац авах талаар дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, ялангуяа 1959 оны ургац хураалтын ажилд гарамгай амжилт гаргасан явдлыг төр засаг өндрөөр үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж байсан юм билээ. Тиймээс атар газар эзэмшсэний 60 жилийн ойг 11 дүгээр сард сумандаа тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран ажиллаж байна.

7 дугаар сарын 20-21-нд Хархорин сангийн аж ахуйн даргаар олон жил ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэн агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ үеэр ахмад, дунд, залуу үеийн тариаланчдын уулзалтыг хийж, хойч үедээ Хархорины сангийн аж ахуйн түүхэн хөгжлийг таниулж ойлгуулахыг зорьж байна. Мөн хотын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг иргэдийн оролцоотой хийнэ.

Ойг угтаж, газар тариалангийнхаа хөрөнгө оруулалт, тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тариаланчидтайгаа уулзаж ярилцсаны үр дүнд энэ жил 6950 га талбайд уринш боловсруулалт хийнэ. 9585 га талбайд тариалалт хийхээс улаан буудайг 7800 га-д тариална. Хархорин нийтдээ 19 мянган га тариалангийн газартай. Газраа 100 хувь ашиглаж байгаа гэж хэлж болно. Газар тариалангийн аж ахуйн нэгжүүд энэ жил 2,5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэлийг хийж байна.

- - Хархоринд өвөлжилт, хаваржилт ямар байв?

- Хархорин суманд өвөлжилт, хаваржилт өнөтэй, цаг сайхан болж өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 85 хувьтай, төлийн хорогдолгүй байна. Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудал бол бэлчээрийн даац юм. Өнгөрсөн жилийн мал тооллогоор манай сум 304 мянган толгой мал тоолуулсан. Энэ жил 60-аад мянган төл мал хүлээж авна. Малын тоогоор аймагтаа эхний тавд ордог. Гэтэл газар нутгийнхаа хэмжээгээр хойноосоо 4,5-т ордог. Дээрээс нь нь газар тариалангийн бүс нутаг учраас малын бэлчээрийн даац үндсэндээ 5 дахин хэтрээд байна.

Гэхдээ бид аль болохоор нутгийн зах руу бэлчээрийн шинэ талбай гаргах, худаг усаар хангах ажлыг аймгийн ХХААГ-тай хамтраад хийж байгаа. Ер нь бол малын тооноос илүү чанарт анхаарах зайлшгүй шаардлага байна. Суурин маллагаа руу шилжих, малынхаа үүлдэр угсааг сайжруулах, цөөн малаас өндөр ашиг шим хүртэх ажлыг манай малчид хийх шаардлагатай байгаа.

Сумын төвд амьдарч байгаа мал бүхий иргэдээ суурьшлын бүсээс гаргаж, хотын зах руу нүүлгэн малчны хороолол байгуулахаар цахилгаан, худаг ус зэрэг дэд бүтцийг нь шийдвэрлэж эхлээд байна.

- Хархорин сум аялал жуулчлалын гол бүс нутаг. Гэвч зориод ирсэн жуулчид сэтгэл гонсгор буцах талтай байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

- Говийн аялал жуулчлал Улаанбаатараас Өмнөговь, Арвайхээрээр дамжаад Хархоринд ирдэг. Хангайн бүсийн аялал жуулчлал Улаанбаатараас Хөвсгөл далай, Архангай гээд мөн л Хархоринд ирдэг. Энэ хоёр маршрутын зангилаа цэг нь Хархорин юм. Харамсалтай нь, хэдийгээр жуулчид ирж байгаа ч аялал жуулчлалын үзмэр маш хангалтгүй байна. Үзмэр бий болгох асар их боломжууд бий. Хархорины туурийг 2000 оноос хойш малтсан. Археологичид малтаж гаргасан үзмэрүүдээсээ чухал шаардлагатайг нь музейд байрлуулаад бусдыг нь технологийн дагуу буцаагаад булдаг. Үүнийг булах биш, ил музей болгох ажлууд маш чухал байгаа. Орон нутгийн төсөв хөрөнгөөр энэ ажлыг хийж барахгүй. Тиймээс төрийн бодлогоор аялал жуулчлалын үзмэрүүдийн тоог олшруулахад анхаарч, эрчимтэй ажиллахгүй бол зорьж ирэх жуулчдынхаа тоог алдахад хүрээд байна.

Нэг жишээ хэлэхэд, Монгол, Германы хамтарсан шинжилгээний ангийн малтлагаар Буддын сүмийн туурийг ил музей болгосон. Энэ нь жуулчдын сонирхлыг маш их татдаг. Энэ мэтчилэн туурийн малтлагуудыг ил музей болгоод явбал жуулчдыг татах гол хөшүүрэг болно.

- Хархорин хот Италийн Турин хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

- Нэгдсэн Италийн анхны нийслэл Турин хоттой хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд Италичуудад эртний Хархорум нийслэлийг сурталчлах зорилгоор хоёр удаа үзэсгэлэн гаргалаа. Эрдэнэзуу музей болон туурийн малтлагын үзэсгэлэн нь европын жуулчдыг татахад дөхөм болсон. Бас нэг чухал ажил нь Ромын папаас Гүег хаанд бичсэн захидал болоод Гүег хаанаас Ромын папд хариу болгож бичсэн захидлын эх хуулбарыг Ватиканы нууц архиваас авчирч музейд тавьсан. Хархорин нь дэлхийн хот байсан гэдгийг харуулсан том үзмэр юм.

Бид удахгүй тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болон нутгийн зөвлөлийнхөнтэйгээ хамтраад Японы Нара хотод очиж туршлага солилцоно. Аялал жуулчлалын чиглэлээр өөр бусад хотуудтай ч гадаад харилцаа тогтоохоор ажиллаж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

[url=http://]http://[/url]

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Эртний нийслэл, түүх соёлын өлгий нутаг Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай ярилцаж, сумын хөгжил дэвшил, цаг үеийн ажилтай танилцлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр