» » » Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар
Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар

 

ТАНИЛЦУУЛГА: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу  тендер шалгаруулалтыг зохион байгуулж буй  бараа, ажлын тендерийн үнэлгээ хийхэд баримтлах аргачлал, заавраар хангах зорилгоор энэхүү “Тендерийн үнэлгээний заавар (жишиг маягтуудын хамт)”-ыг(цаашид “үнэлгээний заавар” гэх) Сангийн яамнаас боловсруулан гаргав.

Захиалагч энэхүү зааврыг Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан барааны болон ажлын тендерийн жишиг баримт бичгийг ашиглан зохион байгуулж буй нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед ирүүлсэн тендерүүдийг үнэлж, харьцуулан “хамгийн сайн” тендерийг (нийт болон нэгж үнийн гэрээ байгуулах аль ч тохиолдолд) шалгаруулахад дагаж мөрдөнө.

 

Үнэлгээний заавар, жишиг маягтуудыг ашиглах тухай санамж:

  1. Үнэлгээний заавар, маягтууд нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг хүлээн авч бүртгэх, нээх, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргах хүртэлх үнэлгээний хорооноос тендерийг үнэлэх бүх үйл ажиллагааг зохион байгуулахад туслах, удирдан чиглүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, энэ заавар нь захиалагчаас боловсруулсан тендерийн баримт бичиг дэх тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан тендерт оролцогчийн чадварыг тогтоох, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулах тухай зүйл, заалтуудыг үнэлгээний хорооны гишүүд дагаж, мөрдөхөд туслах хэрэгсэл болно.
  2. Үнэлгээний явцад нарийвчлан судалж тодруулсан, тусгайлан гаргасан нэмэлт тайлбар, тодруулгыг үнэлгээний тайланд хавсралт болгож оруулах ёстой. Үнэлгээний дүгнэлтэд тендерийн баримт бичиг, тендерийн үнэлгээний зааврын холбогдох зүйл, хэсгийн дугаарыг шаардлагатай тохиолдолд дурдвал зохино.
  3. Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг энэ зааварт тусгасан маягтуудыг бөглөж нэгтгэсэн үнэлгээний тайланд хавсаргах бөгөөд нэгдсэн дүгнэлтийг бичгээр, тайлбарлан үйлдэж, зөвлөмжийг захиалагчид хүргүүлнэ. 
  4. Захиалагч нь үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргана. 

ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗААВАР

1. Ерөнхий зүйл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хуулийн 6 дугаар зүйлд заасан “... ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх...” үндсэн зарчмуудад тулгуурлан, дээрх хуульд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар, аргачлалын дагуу зохион байгуулагдана. 

2. Тендерийн үнэлгээний зорилго

 

Тендерийн үнэлгээний зорилго нь ирүүлсэн тендерүүдээс захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад оршино. Захиалагчийн тавьсан чадварын шаардлага болон техникийн нөхцөлүүдийг хангасан тендерүүдийг хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийн үнэ болон үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тооцож нэмсний үр дүнг харьцуулахад хамгийн бага үнийн дүнтэй тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер болно.

ТББ-т заасан нөхцөл,  шаардлагын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг зөв үнэлж тогтоох зорилгоор, үнэлгээний явцын бүх үе шатуудыг багтаасан логик дараалал, системтэйгээр боловсруулагдсан үнэлгээний энэхүү зааврыг мөрдлөг болгоно.

3. Тендер шалгаруулалтын товч агуулга, явц, тендер хүлээн авах, бүртгэх

 

Энэ зааврын хавсралт дахь Маягт 1, 2, 3-т тухайн тендер шалгаруулалтын талаарх үндсэн мэдээллийг бөглөнө. Эдгээр мэдээлэл нь хуулийн 7.2, 8.2, 9.2, 20.1, 21, 24, 26 дугаар зүйл заалтын биелэлтийг хангах зайлшгүй шаардлагатай.

Тендерт оролцогчдийн ирүүлсэн тендерүүдийг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авч Маягт 4-ийн дагуу бүртгэж, баталгаажуулна.

Тендер хүлээн авахаар заасан өрөөнд, тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ирсэн боловч бүртгэгдэж амжаагүй тендерийг заавал бүртгэнэ. Ингэхдээ эдгээр тендерийг хүлээж авсан хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаагаар бүртгэнэ.

4. Тендерийн нээлт

 

Тендерийн нээлтийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан журмын дагуу зөвхөн заасан газар, товлосон хугацаанд явуулна. Маягт 4 -т бүртгэгдсэн дарааллаар тендерүүдийн эх хувийг задалж хуулийн 26 дугаар зүйлийн дагуу нийтэд зарлан тэмдэглэл хийнэ. Тендерт оролцогчид бусад тендерт оролцогчийн зөвхөн тендерийн маягттай танилцаж болно.

 

Тендерт нэмэлт өөрчлөлт хийх, тендерийг буцааж авах тухай хүсэлт гаргасан мэдээлэл бүхий дугтуйг дээрхтэй ижил журмаар нээж, үнийн өөрчлөлт болон бусад шаардлагатай мэдээллийг зарлах ба энэ үед зарлаж тэмдэглээгүй өөрчлөлтийг үнэлгээнд харгалзахгүй. Тендерт оролцогч утсан холбоо (“утсан холбоо”-нд зөвхөн телекс болон факсыг хамруулна)-г ашиглан тендерээ буцааж авах тухайгаа мэдэгдсэн бол түүний тендерийг задалж  холбогдох мэдээллийг зарлаж тэмдэглэх ба тендерээс татгалзсанаа баталсан албан бичиг нь захиалагчид ирсэний дараа уг тендерийг буцаана.

Тендерийн нээлтийн үед тендерээ буцааж авах тухай хүсэлтээ тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн, эсвэл тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн тендерээс бусад аль ч тендерээс татгалзаж болохгүй. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирсэн тендерээс татгалзаж түүнийг нээлгүй буцаана. 

 

Тендерийн нээлтийн үед 5 дугаар маягтын дагуу тэмдэглэл хөтлөх ба түүнд үнэлгээний хорооны гишүүд болон тендерийг нээхэд байлцсан тендерт оролцогчид гарын үсэг зурна. Тендерт оролцогч гарын үсгээ зурахгүй байх нь тендерийн нээлт хүчингүй болох үндэслэл болохгүй.

5. Тендерийн үнэлгээний зарчим

 

Тендерийн үнэлгээний явцад дор дурдсан зарчмуудыг баримтална:

5.1. Нууцлал

 

Тендерийг нийтийн өмнө нээсний дараа шалгарсан тендерт оролцогчтой гэрээ байгуулах хүртэл тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлттэй холбоотой аливаа мэдээллийг энэ үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээдэд задруулахгүй байх.

5.2. Тендерийн тодруулга болон өөрчлөлт

 

Тендерийг нээснээс хойш тендерт өөрчлөлт оруулахыг тендерт оролцогчид зөвшөөрөхгүй. Зөвхөн тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно. Эдгээр тайлбар, тодруулгыг авахдаа зөвхөн бичгээр харилцана. Тайлбар, тодруулга авах хүсэлтийн хариуд тендерийн үнийг өөрчлөхөд хүргэх аливаа хариултыг тендерийн үнэлгээнд авч үзэхгүй. Тайлбар, тодруулгатай холбогдон харилцсан бүх баримт, материалыг захиалагч хадгалж, хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тухайн худалдан авах ажиллагааны хавтаст материалд хавсаргана.

Тендерийн үнэлгээний явцад хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу гомдол маргааныг хэлэлцэхээс бусад аль ч шалтгаанаар захиалагч болон тендерт оролцогчийн хооронд уулзалт, ярилцлага явуулж болохгүй.

ТББ-т заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ.           

5.3.   Тендерээс  татгалзах

 

 

 

Захиалагч хүлээн авсан бүх тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн ТББ-т заасан нөхцөл, шаардлагын дагуу хянан үзэх ба шаардлагад нийцээгүй  гэж тогтоогдсон тендерээс хуулийн 27.4-т заасны дагуу татгалзана.

5.4.  Тендер хүчинтэй байх хугацааг сунгах

Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчид мэдэгдэнэ.

Тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаар тендерт оролцогч захиалагчид мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баталгааны хугацааг сунгаж ирүүлнэ. Харин тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахыг  хориглоно.

Тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүйгээс тендер шалгаруулалтад цаашид оролцох боломжгүй болсон оролцогчийн тендерийн баталгааг хүчингүй болгоно.

5.5. Бүх тендерээс

      татгалзах

Захиалагч зөвхөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад дурдсан үндэслэлээр бүх тендерээс татгалзана.

Бүх тендерээс татгалзсан тохиолдолд хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтын дагуу аль нэг шийдвэр гаргах зөвлөмжийг үнэлгээний дүгнэлтэд заавал тусгана.

6. Тендерийг хянан үзэх

 

Тендерийг нээсэн даруй хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэх ажиллагааг эхлүүлнэ. Тендерийг хянан үзэх зорилго нь тендерт оролцогч эрх бүхий эсэх, түүний ирүүлсэн тендер нь хүчин төгөлдөр, бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэх мөн гэрээ хэрэгжүүлэх чадвартай эсэх, цаашид нарийвчилсан үнэлгээ хийх боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр шаардлагад нийцсэн тендерийг тогтооход оршино. Тендерийг  хянан үзэхэд дараах үе шатны дарааллыг баримтална. Үүнд:

6.1.  Эрх бүхий эсэхийг магадлах

Тендерт оролцогчид ТББ-т тусгасан эрх бүхий байх шалгуур үзүүлэлтүүдийн шаардлага нэг бүрийг хангаж байгаа эсэхийг магадлан хянаж, уг шалгуурыг хангаагүй нь шүүх, эсхүл холбогдох байгууллагаар тогтоогдсон бол тухайн оролцогчийг тендер шалгаруулалтад оролцуулахгүй буюу түүний ирүүлсэн тендерийг үнэлгээнд хамруулахгүй.

Захиалагч хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан сонгон шалгаруулалт явуулсан бол зөвхөн уг шалгаруулалтад тэнцсэн тендерт оролцогч нь тендер ирүүлэх эрхтэй байна.

6.2.  Гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэх

 

Урьдчилсан сонголт явуулаагүй тохиолдолд тендерт оролцогч ТББ-т заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг түүний  ирүүлсэн чадварын мэдээлэл, бусад баримт бичигт үндэслэн тодорхойлно.

Тендерт оролцогч түншлэлийн хувьд түншлэлийн гишүүн тус бүрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино.

Хоёр буюу түүнээс дээш багцад тендер ирүүлсэн оролцогчийн чадварыг багц тус бүрт авч үзэх бөгөөд багцын үнэлгээ дууссаны дараа тухайн оролцогч хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тохиолдолд тэдгээр багцуудыг нийтэд нь гэрээ байгуулан, хэрэгжүүлэх чадвартай эсэхийг энэ зааврын 6.3-т нийцүүлэн дахин магадлана.

6.3.  Шаардлагад нийцэж буй эсэхийг магадлах

Тендерийн иж бүрдэл, хүчинтэй байдал болон зохих ёсоор гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж энэ талаар ТББ-т захиалагчийн заасан бусад нөхцөл болзлыг хангасан эсэхийг тодорхойлно.

Тендерийн хүчинтэй байдалд хамаарах асуудалтай холбоотой дараахь зөрүү нь нь тендерээс татгалзах үндэслэл болно. Үүнд:

а)    тендерийн маягт, үнийн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарьт гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулаагүй,

б)    тендер хүчинтэй байх хугацааг ТББ-т захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон, эсвэл тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй,

в)   түншлэл болж тендерт оролцож байгаа бол түншлэлийн гэрээний эх хувийг ирүүлээгүй.

 

Тендерт оролцогч нь үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн албан ёсны төлөөлөгч бол түүнд олгосон итгэмжлэл болон нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс шаардагдах баримт бичиг, зөвшөөрлийг ТББ-т шаардсаны дагуу захиалагчид ирүүлсэн эсэхийг шалгана.

 

6.4. Тендерийн баталгаа

Тендерийн баталгаа нь  ТББ-т заасан тендерийн баталгааны маягтад заасан нөхцөл, бусад тексттэй ижил утга, агуулгатай байна.

 

Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан хүчинтэй байх хугацааны шаардлага болон тендерийн маягтад заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй тендерийн баталгааг захиалагч хүлээн зөвшөөрөхгүй.

 

Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүний нэр дээр тендерийн баталгааг ирүүлнэ.

 

6.5. Үндсэн шаардлагыг хангасан эсэх

ТББ-т заасан арилжааны бүх нөхцөл, болзол болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тендерийг үндсэн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Гэрээний зорилгыг алдагдуулж болох, мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд зөрүүнд тооцогдоно. Үүнд:

  1. тогтмол үнэ ирүүлэхийг мэдэгдсэн байхад үнийг тохируулж болох нөхцөлтэй, эсхүл үнэ тохируулж болохыг мэдэгдсэн байхад ТББ дэх үнийн тохируулгын томъёог хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлтэй ирсэн тендер;
  2. үйл ажиллагаанд тавигдаж буй зайлшгүй үзүүлэлтүүд болон бусад шаардлагуудыг хангаагүй өөр шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг санал болгосон нь техникийн тодорхойлолтод нийцээгүй;
  3. гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй;
  4. ТББ-т тусгайлан зөвшөөрсөн хувиас илүү хэмжээний ажлыг, эсвэл бараа нийлүүлэлтийг туслан гүйцэтгүүлэхээр санал болгосон бол;
  5. ТББ-т гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан (жишээлбэл, гүйцэтгэлийн баталгаа, даатгалын тухай нөхцөл г.м);
  6. гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан (жишээлбэл гэрээнд үйлчлэх хууль, татвар хураамж болон маргаан шийдвэрлэх журам);
  7. тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд татгалзах үндэслэл болно гэж заасан бусад нөхцөлүүд (жишээлбэл ажлын тендер шалгаруулалтын үед туслан гүйцэтгэгчээс бусад хэлбэрээр нэгээс дээш тендерт оролцох).

Мөнгөн дүнгээр үнэлж болох зөрүү, үнэлэх тооцооны аргачлалыг захиалагч зөвхөн ТББ-т урьдчилан тусгасан тохиолдолд ашиглана. ТББ-т урьдчилан тусгаагүй аргачлал, хүчин зүйлсийг үнэлгээнд авч үзэхгүй.  

Тендерийн хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж энэ шатанд ашигласан нэмэлт хүснэгт болон холбогдох тооцоог түүнд хавсаргана. Мөн энэ маягтад шаардлагад нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах бөгөөд эдгээр тендерээс татгалзаж цаашид үнэлгээнд оруулахгүй.

Тендерийг хянан үзэх үе шатны явцад энэ зааврын 6 дугаар зүйлд дурдсан  асуудлыг сайтар магадлан хянаж үзэх шаардлагатай.  

 

7. Тендерийн нарийвчилсан үнэлгээ

Зөвхөн хянан үзэх шатанд тэнцсэн буюу шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон бүх  тендерийг хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна. Ийнхүү үнэлгээ хийхдээ дараахь зааврыг баримтална.  

7.1.  Үнэлгээнд хамруулах тендерийн тоог тогтоох

 

Шаардлагад нийцсэн тендерүүдийн тоо хэт олон байгаа тохиолдолд захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор дараахь аргачлалын дагуу цөөн тооны тендерийг сонгож үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэж болно. Ингэхдээ шаардлагад нийцсэн тендерийн тоо болон тендерүүдийн хоорондын үнийн зөрүүг харгалзана.

Тендерийг хянан үзсэний дараа шаардлагад нийцсэн хэт олон тендер үлдсэн бөгөөд хамгийн доод үнэ ирүүлсэн тендертэй ойролцоо үнэтэй олон тендер байгаа тохиолдолд тэдгээр ойролцоо доод үнэтэй тендерүүдийг бүгдийг цаашдын үнэлгээнд оруулна. Хэрвээ ойролцоо доод үнэтэй тендерүүд байхгүй, өөрөөр хэлбэл тендерүүдийн үнэ хоорондоо ихээхэн зөрүүтэй бол шаардлагад нийцсэн хамгийн доод үнэтэй гурван тендерийг цаашдын үнэлгээнд хамруулах нь хангалттай байж болно. Ийнхүү цаашдын үнэлгээнд хамруулах тендерийг сонгохдоо баримтлах гол зарчим нь тендерийн үнэд зохих нэмэлт, тохируулга, залруулга хийсний дараа хамгийн сайн гэж үнэлэгдэж болох тендерийг үнэлгээнээс хасахгүй байхад оршино. Ийм учраас тендерийн үнэлгээнд хамгийн сайн үнэлэгдсэн тендер болох магадлалтай, шаардлагад нийцсэн бүх тендерийг хамруулах шаардлагатай.

7.2.  Алдааг залруулах

Тооцооны буюу арифметик алдааг тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан аргачлалын дагуу залруулна. Тендерийг нээх үед зарлагдсан үнэ, түүнд хийсэн залруулгыг 7 дугаар маягтын 3, 4 дүгээр баганад тэмдэглэнэ. Захиалагчийн хийсэн залруулгыг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөх ёстой. Тендерт оролцогч арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн эсэхийг үнэлгээний явцад бичгээр баталгаажуулна. Залруулгын үр дүнд аль нэг тендерийн үнэ өөрчлөгдөж өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай тайлбарыг тухайн маягтад хавсаргана.

7.3.  Магадлашгүй ажлын зардлын дүнг залруулах

Тендер нь захиалагчийн урьдчилан таамаглаагүй ажил буюу нэр заасан туслан гүйцэтгэгчид хуваарилсан гэх мэт магадлашгүй ажлын зардлыг агуулж болно. Энэ зардлын дүн бүх тендерийн хувьд ижил байх учраас тус дүнг тендерийг нээх үед зарлагдсан үнээс хасч 7 дугаар маягтын 5 дугаар баганад бичнэ. Гэвч эдгээр магадлашгүй зардал нь тендерт оролцогчоос санал болгох өрсөлдөөнт үнэ бүхий ажил-өдөрт хамаарах тохиолдолд энэ дүнг хасахгүй.

7.4.  Нэмэлт өөрчлөлт буюу үнийн хөнгөлөлтийг тооцох

Үнийн хөнгөлөлтийн (эсхүл үнийг өсгөх өөрчлөлтийн) хувь, хэмжээг 7 дугаар маягтын 7, 8 дугаар баганад үзүүлнэ. Үнийн хөнгөлөлтийг хувиар илэрхийлсэн бол зохих суурь дүнгээс энэ хувийг тооцно (жишээлбэл, үнийн хөнгөлөлт нь магадлашгүй зардалд хамаарах эсэхийг шалгах).

Хэд хэдэн багцаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд үзүүлэхээр санал болгосон нөхцөлт үнийн хөнгөлөлтийг үнэлгээний бусад бүх шатыг дууссаны дараа харгалзан үзэх тул үнэлгээний аль ч үе шатанд харгалзахгүй болохыг анхаарна уу. Зөвхөн олон багцтай тендерийн үнэлгээний эцсийн үе шатанд нөхцөлт үнийн хөнгөлөлтийг авч үзнэ.

7.5.  Тохируулга

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан бол үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон үйлчилгээний хүчин зүйлүүдийг тендерийн үнэлгээнд харгалзана. Эдгээр хүчин зүйлийг үнэлэхэд ашиглах аргачлал нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу байх ба аргачлалын дагуу үнэлгээг хэрхэн хийснийг тендерийн үнэлгээний тайланд нарийвчлан дурдана. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд онцгойлон заагаагүй бол, ТББ-т дурдсан шаардлагыг давуулж биелүүлсэн тендерийн үнэлэгдсэн/харьцуулах үнийг бууруулах, эсвэл түүнд урамшуулал олгохгүй

Тохируулах хэмжээг ажлын болон ихэнх барааны гэрээний хувьд зардалтай нь тэнцэх дүнгээр илэрхийлж 11 дүгээр маягтын 4 дүгээр баганад үзүүлнэ.

Нэг тендерт бүтээгдэхүүний өөр өөр загварыг санал болгосон тохиолдолд тендерийн бичиг баримтын шаардлагад нийцэж буй загваруудынх нь хамгийн бага үнийг үндэслэж тухайн тендерийг  үнэлнэ

7.6.  Мөнгөөр үнэлж болох зөрүүг залруулах

Мөнгөөр үнэлж болох зөрүүтэй тендерийг 6.5-ын дагуу шаардлагад нийцсэн гэж үзсэн бол дараахь аргачлалаар уг зөрүүг үнэлж тендерийн үнэлгээнд харьцуулах зорилгоор харгалзана. Үүнд:

  1. Тендерт оролцогчоос тодорхойгүй шаардлага, нөхцөл (тухайлбал, “урьдчилгаа төлбөрийн хэмжээг ихэсгэхийг хүсч байна” эсвэл “дуусгах хуваарийг өөрчлөх талаар хэлэлцэхийг хүсч байна”)-ийг ТББ-т зааснаас зөрүүтэйгээр илэрхийлбэл тэдгээрийг ердийн нөхцөлд тендерийн үнэлгээнд авч үзэхгүй.  Гэвч, тендерт оролцогч ТББ-т заасан шаардлагаас эрс өөрөөр хөдлөшгүй санал ирүүлэх нь түүний тендерээс татгалзах үндэслэл болно.
  2. Хэрэв бараа, үйлчилгээг гүйцэтгэх хуваарь нь ТББ-т заасан хугацаанаас хэтэрсэн ба үүнийг захиалагч хүлээн зөвшөөрөх боломжтой бол хэтэрсэн хугацааг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан хэмжээгээр үнэлж, заагаагүй бол ТББ-т заасан алдангийн хувь хэмжээгээр тооцож тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлнэ.

Мөнгөөр үнэлж болох зөрүүг үнэлгээний валютаар илэрхийлж 11 дүгээр маягтын 5 дугаар баганад үзүүлнэ.

7.7.  Дотоодын давуу эрх

Үнэлгээний явцад дотоодын давуу эрх тооцохоор бол Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ыг мөрдлөгө болгоно.  

8. Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт

 

Ажил, барааны тендерүүдийг харьцуулахдаа залруулга хийж, үнийн хөнгөлөлтийг тооцсон үнэ болон нэмэлт, тохируулга, мөнгөөр үнэлж болох зөрүү зэргийг тусгасан 11 дүгээр хүснэгтийн 6 дугаар баганад бичигдсэн дүнг ашиглана. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж дараахь ажиллагааг хэрэгжүүлнэ:

  1. хэд хэдэн багцаар гэрээ олгосон тохиолдолд үзүүлэх үнийн хөнгөлөлт /нөхцөлт үнийн/-ийг тооцох;
  2. урьдчилсан сонголтыг хэрэгжүүлсэн бол урьдчилсан сонголтод ирсэн мэдээллийг, эсвэл олон багцтай тендерт хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн бол чадварын шаардлагыг хангаж буй эсэхийг дахин магадлах.

8.2. Нөхцөлт үнийн хөнгөлөлт

Хэд хэдэн багцад гэрээ байгуулах эрхийг нэг тендерт оролцогчид олгосон тохиолдолд үзүүлэх нөхцөлтэйгээр тухайн тендерт оролцогч тодорхой үнийн хөнгөлөлт санал болгож болдог. Үүнийг нөхцөлт үнийн хөнгөлөлт гэдэг. Хэдэн багцад гэрээ байгуулахаас хамаарч тендерт оролцогчийн үзүүлэх үнийн хөнгөлөлтийн хэмжээ хэлбэлзэж болно. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу тендерт оролцогчийн санхүү, техникийн чадварыг үндэслэн түүнд гэрээ байгуулах эрх олгох багцын тоо, нийт үнийг хязгаарлаж болно.

Ийм учраас тухайлсан багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчид энэ хязгаарлалтын улмаас тус багцад гэрээ байгуулах эрх олгохгүй болж болно.

8.3. Тендерт оролцогчийн чадварыг дахин магадлах

Хэрэв урьдчилсан сонголтыг явуулсан бол, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн урьдчилсан сонголтоос хойш санхүү, техник, ерөнхий чадварын үзүүлэлт нь илт буураагүй эсхүл нэмэлт ажил авч ажлын ачаалал нь хэтрээгүй бол түүнд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргана.

Олон багцтай тендерт санал ирүүлсэн оролцогчийн тендер багц бүрт хамгийн сайн гэж үнэлэгдсэн бол багц бүрт заасан гэрээг хэрэгжүүлэхэд чадварын үзүүлэлт нь шаардлагад нийцэх эсэхийг дахин магадлана.

8.4. Хувилбарт тендер

 

Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн ТББ-т нийцсэн хувилбарт тендерийг харгалзан үзнэ гэсэн нөхцөлийг захиалагч тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд зааж болно. Энэ тохиолдолд, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийн хувилбарт тендерээр гэрээ байгуулах дүгнэлт гаргавал энэ тухай үндэслэлийг заавал дурдана. Хувилбарт тендерийн үнэ нь үндсэн тендерийн үнээс өндөр байгаа тохиолдолд хувилбарт тендерийг шалгаруулахгүй.

Хувилбарт тендерийг үнэлэхэд хийсэн тооцоог үнэлгээний тайланд хавсаргана.

8.5. Гэрээ байгуулах эрх олгох тухай санал

 

Үнэлгээний хорооноос хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид гаргана. Санал болгож буй гэрээний үнэ нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу залруулга, үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлт үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна. Гэрээ байгуулах үнэ, бусад мэдээллийг 14 дүгээр маягтад бичнэ.

8. Тендерийн үнэлгээний дүгнэлт

 

Тендерийн үнэлгээний дүгнэлтэд энэ зааврын дагуу бөглөгдсөн 1 – ээс 14 дүгээр маягтуудын хамт дараахь зүйлсийг хавсаргана. Үүнд:

  1. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд
  2. Тендерийн нээлтийн тэмдэглэл /5 дугаар маягт/.
  3. Хянан үзэх шатанд аль нэгэн тендерээс татгалзсан бол түүний дэлгэрэнгүй тайлбар /6 дугаар маягт болон бусад тайлбар/.
  4. 7 дугаар маягтад буй үнэлгээнд үл харгалзах зардлууд тендерт оролцогчдын хувьд харилцан ижил биш бол түүний тайлбар. Арифметик алдааг залруулсны үр дүнд аль нэг тендерийн үнэ өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол түүний тайлбар.
  5. 11 дүгээр маягтын дагуу нэмэлт, тохируулга, мөнгөөр үнэлж болох зөрүүг тооцсоны үр дүнд аль нэг тендерийн үнэ өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай дэлгэрэнгүй тайлбар.
  6. Тендерийг нээх үед зарлаж, тэмдэглээгүй нөхцөлт үнийн хөнгөлөлтийн (8.2.-р заалт) талаар тайлбар. Хэд хэдэн багцыг нэг гэрээнд хамруулсан бол холбогдох үнэлгээг мөн хавсаргана.
  7. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн этгээдэд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргаагүй бол шалтгааны тайлбар (8.3-р заалт).
  8. Хувилбарт тендерийг хүлээн зөвшөөрч сонгосон бол түүний шалтгааныг гэрээний хуваарь, гүйцэтгэл, өртөгт үзүүлэх нөлөөтэй холбож дэлгэрэнгүй тайлбарлах (8.4-р заалт).
  9. 14 дүгээр маягтын 10 дугаар мөрөнд заасан бусад тохируулгын тайлбар. Гэрээний нөхцөл, ажлын цар хүрээнд өөрчлөлт орсон бол түүний тайлбар.
  10. Захиалагч тендерт оролцогчдын хооронд харилцсан албан бичгүүд.

Тендерийн үнэлгээний тайланг давхар хянаж дугаарлан, иж бүрдлийг шалгаж, үнэлгээний дүгнэлтийг танилцуулах албан бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр