» » » Хархорин сумын нийтийн зар мэдээний журам
Хархорин сумын нийтийн зар мэдээний журам
Хархорин сумын нийтийн зар мэдээний журам

Нэг. Ерөнхий зүйл:

1.1 Энэхүү журмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2 Нийтийн зар мэдээний үндсэн зорилго нь сумын нийт иргэд сумын хэмжээнд нийтийн баялагийн төлөвлөлт, хуваарилалт, хяналтад тэгш оролцох боломжийг хангахад оршино.

Хоёр.Нэр томьёо

2.1 “Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад сумын иргэдийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хяналттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах, хянах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс гаргасан орон нутгийн нийтийн зар, нийтийн мэдээлэл, санал асуулгыг хэлнэ.

2.2. “Нийтийн зар” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгод нийцсэн, харьцангуй цөөн үгээс бүтсэн, тодорхой хугацаа заасан, нийтэд түгээх мэдээллийг ойлгоно. Нийтийн зар нь хавсралт, нэмэлт мэдээлэлтэй байж болно.

2.3. “Нийтийн мэдээлэл” гэж Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэд ил тод байвал зохих аливаа мэдээлэл, хууль тогтоомж болон тэдгээрийн төсөл, нийтийн зарын хавсралтыг ойлгоно.

2.4. “Санал асуулга” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгыг хангахад чиглэсэн шийдвэрийн төсөл болон асуудлын талаар сумын иргэдийн байр суурийг тодруулах зорилго бүхий асуулт, хариултын хувилбаруудыг ойлгоно.

2.5 “Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, зээл, бизнесийн ба ашигт малтмалын лиценз зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.

2.6 “Хурлын мэдээлэл” гэж сум, багийн Иргэдийн Нийтийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон сумаас сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, сумын иргэдийн хэлэлцүүлэгтэй холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.

2.7 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагын тогтоол шийдвэр, сумын дүрэм, сумын хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба зэрэг хууль хэргэжүүлэгч агентлагийн гаргасан мэдэгдэл, тайлан, анхааруулга гэх мэт нийтийн мэдээллийг хэлнэ.

2.8 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэж цахилгаан, зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт, гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оношлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй, тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан нийтийн зар мэдээг хэлнэ.

2.9 “Өнгөний код” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялгаж хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгосон арга хэлбэрийг хэлнэ.

2.10 “Нийтийн зар мэдээг хүлээн авагч” гэж тус суманд байнга оршин суугч, аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн тус сум дахь нэгжид хөдөлмөр эрхлэгч, тус суманд үл хөдлөх хөрөнгөтэй, сумын төсөвт татвар төлбөр төлдөг хувь хүн, өрхийг ойлгоно.

2.11 “Нийтийн зарын самбар” гэж хэвлэмэл хуудас дээр бэлтгэсэн нийтийн зар мэдээг энэхүү журамд заасан байрлалд тогтмол байрлуулах зорилго бүхий самбарыг хэлнэ.

2.12. “Сумын нийтийн зар мэдээ” товхимол гэж энэхүү журамд заасан хугацаанд сумын нийт байгууллага, өрх бүрт тогтмол хүргүүлэх зорилгоор нийтийн зар мэдээг багцлан бэлтгэсэн хэвлэмэл материалыг хэлнэ.

Гурав: Нийтийн зар мэдээний хэлбэр ба агуулга

3.1 Нийтийн зар мэдээг дараахь хэлбэрийн аль нэгээр буюу хослуулан түгээнэ.

Үүнд:

3.1.1.Хэвлэмэл хуудас
3.1.2 .Товхимол
3.1.3. Цахим хуудас
3.1.4 .Гар утасны мессеж, суурин утсаар хэлсэн зар мэдээ
3.1.5. Радио зар
3.1.6 .Телевизийн зар
3.1.7. Бичгээр гаргасан нийтийн зар мэдээг утсаар болон биечлэн уулзаж тайлбарласан аман зар
3.1.8. Урилга
3.1.9. Сонин, сэтгүүлийн зар
3.2 Нийтийн зар мэдээг 3.1.1, 3.1.3, 3.1.8 хэлбэрээр гаргасан бол дараах өнгөний кодыг заавал хэрэглэнэ. Үүнд:
3.2.1 Эдийн засгийн мэдээллийг –Тод ягаан өнгөөр
3.2.2 Хурлын мэдээллийг – Цэнхэр өнгөөр
3.2.3 Хууль тогтоомжийн мэдээллийг – Улаан өнгөөр
3.2.4 Нийтийн хэрэглээний тухай мэдээллийг –Ногоон өнгөөр тус тус

Өнгөний код ямар утгатай болохыг иргэдэд ЗДТГ, ИТХ-ын зүгээс тайлбарлан таниулах үүрэг хүлээнэ.

3.3. Нийтийн зар мэдээний агуулга дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.3.1.Нийтийн зарын үг, хэллэг, найруулга энгийн байна.
3.3.2.Гадаад үг хэллэг хэрэглэсэн бол түүнийг тайлбарлана.
3.3.3.Товчилсон үгийг хэрэглэх эхний тохиолдолд дэлгэрэнгүй тайлбарлана.
3.3.4.Нийтийн зар бүр дэс дугаар, зарлуулагчийн кодтой байна.
3.3.5. Тухайн зар мэдээг бэлтгэх, түгээх үйл ажиллагааг хаанаас санхүүжүүлж байгааг
дурдсан мэдээлэл оруулна.

Дөрөв.Нийтийн зар мэдээ, бэлтгэх, гаргах, түгээх үйл ажиллагаа

Нийтийн зар мэдээ, мэдээллийн агуулга, бүтцийг бэлтгэх ажлыг дараах субъектууд хариуцах ба мэдээллийг түгээх ажлыг баг, сумын Засаг дарга хариуцан зохион байгуулна. Үүнд:

4.1.1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
4.1.2.Багийн иргэдийн нийтийн хурал,Тэргүүлэгчид
4.1.3.Сумын засаг дарга, түүний тамгын газар ОНХАлба
4.1.4.Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллага,
4.1.5.Улс, аймаг, сумын тесвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага
4.1.6 Сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ашгийн төлөө бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн нэгж
4.1.7 Суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага
4.1.8 Багийн засаг дарга нар

4.2. Нийтийн зар мэдээг түгээх ажлыг дараах этгээд зохион байгуулна. Үүнд:

4.2.1. Сумын засаг даргын тамгын газар, ОНХАлба
4.2.2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба
4.2.3. Багийн засаг дарга
4.3. Энэхүү журмын 4.2-т заасан субъект нийтийн зар мэдээ түгээхэд дараахь зарчмыг баримтална. Үүнд:
4.3.1.Сумын нийт иргэдэд хүртээмжтэй байх
4.3.2.Зар мэдээг тэнцвэртэй хүргэх
4.3.3.Шийдвэрлэх асуудалтай иргэд танилцах боломжтой байх
4.3.4.Зар хангалттай хугацааны өмнө хүмүүст хүрсэн байх
4.3.4 Эрх ашиг нь хохирч болзошгүй иргэдэд зар мэдээг нэн түрүүнд хүргэсэн байх
4.3.5. Зар мэдээг хүргэх явцад иргэдээ улс төрийн байр суурь, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх
4.3.6. Хууль дээдлэх
4.4. Дараахь зар мэдээг нийтийн зар мэдээний сүлжээгээр түгээхийг хориглоно. Үүнд:
4.4.1. Аж ахуйн нэгж, иргэний арилжааны болон бизнесийн үйл ажиллагааны зар мэдээ
4.4.2.Сонгуулийн сурталчилгааны материал
4.4.3. Улс төрийн нам, түүний дэргэдэх байгууллага, улс төрийн клубын зар, Засаг даргын хувийн мэдээлэл
4.4.4 Албан тушаалын хувьд зар мэдээг нэн тэргүүнд хүртэх боломжтой хэсэг буюу Засаг дарга, түүний албаныхан, тус албатай байнга хамтран ажилладаг хувь хүн, ТББ, албан газрууд, ТББ-ууд нийтийн зар мэдээг иргэдэд хүргэлгүй нуун дарагдуулах мэтээр давуу эрхээ ашиглахыг хориглоно

Тав. Нийтийн зар мэдээг тогтмол хүргэх хэрэгсэл, тэдгээрийг ашиглах нөхцөл

5.1.Нийтийн зар мэдээг сумын иргэдэд тогтмол хүргэхэд дараахь хэрэгслийг ашиглана.

5.1.1. Энэхүү журмын 5.2-т заасан байрлал дахь нийтийн зар мэдээний самбар
5.1.2.“Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шинэ Хархорин” улирал тутмын сонин
5.1.3.Тус сумын https://www.kharkhorum.mп веб сайт
5.1.4. 86327999 дугаарын утаснаас илгээх мессеж
5.1.5. Суурин 70327999 утаснаас хэлэх зар
5.1.6. Энэхүү журмын 4.2-т дурдсан эрх бүхий субъектийн томилсон шуудан хүргэгч
5.1.7. Телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл
5.1.8. Иргэн хуулийн этгээдийн цаасан хэлбэрээр мэдээлэл авах тохиолдолд МУЗГ-ын 54-р тогтоолоор баталсан журмыг баримтална.
5.2. Нийтийн зар мэдээний самбарыг дараах цэгүүдэд байрлуулна.
5.2.1. Өрхийн эмнэлэг
5.2.2.”Хархорин” захын хойд хаалга
5.2.3.Хаан Банк/Эрдэнэ зуу гудамж /
5.2.4. Найман зуу хүнсний дэлгүүр /Дээд өргөн чөлөө/
5.2.5. Найман зуу хүнсний дэлгүүр /Доод өргөн чөлөө/
5.2.6.Ван -Уул хүнсний дэлгүүр /Сансар хороо/
5.2.7.Оргил-1 хүнсний дэлгүүр/ Өл хороолол/
5.2.8.Өлзий хүнсний дэлгүүр/ Өл хороолол/

5.3. Нийтийн зарын самбар нь 200 см урттай, 100 см өргөнтэй байх ба самбарын доод талыг шалнаас 90-110 см-т байрлуулна. Энэхүү зарын самбарын ойролцоо ханын тавцан, эсхүл ширээ байрлуулна.

5.4. Хэвлэмэл хуудсаар гаргасан бүх нийтийн зарыг нийтийн зарын самбарт хугацаа алдалгүй байрлуулах ба нийтийн зарын самбар дахь мэдээллийг шинэчлэх, сэлбэх ажлыг сумын засаг даргын тамгын газар хариуцна.

5.3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шинэ Хархорин” сонинг сумын Засаг даргын тамгын газар улирал тутам эрхлэн гаргаж, сумын өрх бүрт түгээх ажлыг зохион байгуулах ба сонины агуулга, түгээлтэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хяналт тавина.

5.5. Энэхүү журмын 4.2-т дурдсан эрх бүхий субъектийн томилсон шуудан хүргэгч нь орон тооны төрийн албан хаагч, эсвэл орон тооны бус гэрээт ажилтан байж болно. Шуудан хүргэгч нь урилга, захидал зэргийг нийтийн зар хүлээн авагчид тодорхой цаг хугацаанд багтаан хүргэж үйлчилнэ. Ингэхдээ энэхүү журамд заасан нийтийн зар түгээхэд баримтлах зарчмыг мөрдөж ажиллана.

5.6. Энэхүү журмын 5.1, 5.2-д заасан зар мэдээ түгээх хэрэгслийг бүгдийг нь ашигласан тухай зар мэдээнд олон нийтийн анхаарлыг богино хугацаанд өргөнөөр хандуулах шаардлагатай гэж сумын Засаг дарга үзсэн бол тухайн нийтийн зар мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, радио, төлевиз, сонин, сэтгүүлээр зарлана.


Зургаа, Нийтийн зар мэдээ хүлээн авагчийн эрх, үүрэг

6.1 Сумын нийтийн зар хүлээн авагч нь нийтийн зар хүлээж авах, түгээх дараахь үүрэг, эрхтэй. Үүнд:

6.1.1 Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийтийн зар товхимол, захидал, урилга, цахим шууданг ямар хаягаар хүлээж авахаа багийн Засаг дарга, сумын Засаг даргын тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тус тус бүртгүүлэх. Ингэхдээ улирлын чанартай нүүдлээс хамаарч өөр өөр байрлалд байх бол тэдгээрийг cap бүрээр нь аль болох нарийн тодорхой бүртгүүлсэн байх.

6.1.2 Жилийн турш тогтмол нэг хаягаар нийтийн зар мэдээ хүлээж авахаар бүртгүүлсэн өрх нь гэрийнхээ болон хашааныхаа гадна талд шуудангийн хайрцаг байрлуулж, шуудангийн хайрцаг дээр хаягаа тодорхой бичиж, өнгө будгийг нь тод байлгах.

6.1.3 Бичиг үсэггүй, харааны бэрхшээлтэй, хэвтэрт байдаг, өндөр настай зэрэг хүндэтгэх шалтгаанаар нийтийн зар мэдээг унших боломжгүй иргэд зар мэдээг амаар авах эрхтэй.

6.1.4 Нийтийн зар мэдээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл зар түгээгч, зар гаргасан этгээдээс тодруулга хийх.

6.1.5 Нийтийн зар мэдээний агуулгыг бичиж, тэмдэглэж авах, гэрэл зургийг авах, хувилан олшруулах, түгээх, судлах, чөлөөтэй ашиглах.

6.1.6 Нийтийн зарын самбарт тавьсан мэдээллийг зарлагдсан үйл ажиллагаа явагдаж дуустал хэн ч хураан авах эрхгүй.


Долоо. Нийтийн зар мэдээнд тавигдах тусгай шаардлага

7.1 “Хурлын мэдээлэл” нь дараахь агуулгатай байна:

7.1.1 Хурал зарлагч этгээд

7.1.2 Хурлын байр, он cap өдөр, цаг

7.1.3 Хурлаар хэлэлцэх асуудал

7.1.4. Тодруулга хийх холбоо барих утас

7.1.5 Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд хамааралтай төсөл, бичиг баримтууд.

7.2. “Эдийн засгийн мэдээлэл” нь хөрөнгө, мөнгө, баялгийн хуваарилалттай холбоотой тоо баримт агуулах учир энэхүү зар мэдээг заавал бичгээр гаргаж мэдээллийн самбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шинэ Хархорин” сонингоор түгээнэ.

7.3 Хууль тогтоомжийн мэдээллийн агуулгыг тухайн мэдээллийг гаргаж буй байгууллага тодорхойлно.

7.4 Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл нь нийтэд ойлгомжтой энгийн үг хэллэгээр тод, том үсгээр бичиж, шаардлагатай схем, газрын зурагтай байвал зохимжтой. Хэрэв нийтийн хэрэглээний тухай мэдээллийг хувилан олшруулахад төвөгтэй, өндөр өртөгтэй байвал тухайн мэдээллийг гаргасан байгууллага, эсвэл тухайн мэдээллийг үндэслэн шийдвэр гаргахаар төлөвлөж буй байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс сумын иргэдийн дунд нийтийн сонсгол зохион байгуулж танилцуулна.


Найм. Нийтийн зар мэдээний санхүүжилт

8.1 Нийтийн зар мэдээний зардлыг сумын төсвөөс санхүүжүүлнэ

8.1.1 Энэхүү журамд заасан нийтийн зар мэдээг тогтмол хүргэх хэрэгслийг санхүүжүүлэх зардал

8.1.2 Нийтийн зар мэдээг бэлтгэх, хувилах, олшруулах, өнгөөр кодлох, хүргэх зардал

8.2 Нийтийн зар мэдээний зардлыг төрийн байгууллага, зарлуулагч этгээд, ашгийн төлөө бус хандивлагч байгууллага, нийтийн зар хүлээн авагч иргэн хамтран санхүүжүүлж болно. Зар мэдээг санхүүжүүлэснийхээ төлөө аливаа давуу эрх эдлэхгүй. Харин улс төрийн нам, намын дэргэдэх байгууллага, сонгуульд нэр дэвшигчээс нийтийн зарын санхүүжилтэд зориулж шууд болон шууд бус хэлбэрээр хандив авахыг хориглоно.

8.3. Нийтийн зарын санхүүжилтийг сумын Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах үүрэг бүхий алба, сумын Иргэдийн хурлын ажлын алба, багийн Засаг даргын төсөвт тус тус тусгаж төлөвлөнө.

Ес. Хариуцлага

9.1.Нийтийн зарыг хугацаанд нь гаргах, түгээх үүргийг ерөнхийд нь сумын Засаг дарга хариуцна.

9.2.Нийтийн зар мэдээний үнэн бодит байдлыг тухайн зарыг бэлтгэсэн, хянасан байгууллага, албан тушаалтан хариуцна.

9.3.Нийтийн зарыг түгээхдээ иргэдийг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхсан, зарыг нийт иргэдэд санаатайгаар хүргээгүй, алагчилсан тохиолдолд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн дагуу торгууль оноож, үйлдлийг ахин давтсан нь нотлогдвол ажлаас халах, албан тушаалаас огцруулах хүртэл арга хэмжээ авна.

9.4. Мэдээллийг санаатай гуйвуулсан, нийтэд хүргэхээс татгалзсан этгээдэд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр