» » ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын танилцуулга
ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын танилцуулга
ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын танилцуулга

Сумын ИТХ-ын болон Засаг дарга түүний ажлын албанаас гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, санаа бодлыг тусгах, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, зөв шийдвэр гаргах зорилгоор байгуулагдсан.

Иргэний танхимын зорилго


Иргэний танхимын зорилго нь орон нутгийн болон төрийн хэмжээнд мөрдүүлэх нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа дүрэм, журам, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр тогтоол, захирамж, бусад шийдвэрүүдийн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас санал, шүүмжлэл, нэмэлт өөрчлөлтүүдийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар оновчтой шийдвэрүүд гаргахад иргэд олон нийтийг нээлттэй оролцуулахад оршино.

САНАЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭРҮҮД:

Иргэний танхимын 7032-7999 дотоод утсаар
Kh_irgeniitanhim@yahoo.com цахим хаягаар
ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим-д гэж хаягласан захидал хэлбэрээр
Бичлэн ирж амаар
Санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг өргөдөл хэлбэрээр болон бичгээр хүлээн авна.




Иргэний танхимын ажиллах журам


Нэг. Нийтлэг үндэслэл

Сумын ИТХ-ын болон засаг дарга түүний ажлын албанаас гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, санаа бодлыг тусгах, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, зөв шийдвэр гаргах зорилгоор байгуулагдсан иргэний танхимын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Иргэний танхимын зорилго.

2.1 Иргэний танхимын зорилго нь орон нутгийн болон төрийн хэмжээнд мөрдүүлэх нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа дүрэм, журам, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр тогтоол, захирамж, бусад шийдвэрүүдийн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас санал, шүүмжлэл, нэмэлт өөрчлөлтүүдийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар оновчтой шийдвэрүүд гаргахад иргэд олон нийтийг нээлттэй оролцуулахад оршино.

Гурав. Иргэний танхимын үйл ажиллагааны зарчим

3.1 Иргэний танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх.
3.2 Иргэний танхимын үйл ажиллагаанд оролцох иргэд олон нийтийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх.
3.3 Иргэний танхимын аливаа үйл ажиллагаа нь иргэд олон нийтэд ялгаваргүй хандах.
3.4 Иргэний танхимын үйл ажиллагаанд оролцогчдод урьдчилан болзол тавихгүй байх.
3.5 Иргэний танхимын үйл ажиллагаа нь иргэд олон нийтийн эрх ашигт болон хуульд нийцсэн байх.
3.6 Аливаа шийдвэрийг гаргахдаа иргэний танхимд болсон нээлттэй хэлэлцүүлэгт үндэслэсэн байх.
3.7 Хэлэлцүүлэгт оролцогчид нь бие биенээ хүндэтгэж соёлтой харилцах.

Дөрөв. Иргэний танхимын бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаа

4.1 Бүтэц зохион байгуулалтын талаар.

4.1.1 иргэний танхим нь Монгол улсад мөрдөж байгаа хуулиуд болон энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сумын ИТХ-ын дэргэд ажиллана. Түүний бүтэц орон тоог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.
4.1.2 иргэний танхим нь ажлын албатай байх ба байнгын үйл ажиллагааг зохицуулагч орон тооны нэг ажилтантай байна.
4.1.3 ажлын алба нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга байна.

4.2 Иргэний танхимын үйл ажиллагааны талаар

4.2.1 иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна.
4.2.2 иргэний танхим нь иргэд олон нийтийн саналыг “Хархорин сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхим”-д гэж хаягласан захидал хэлбэрээр, иргэний танхимын дотоод утсаар, биечлэн ирж амаар, хүсэлт ба гомдлыг өргөдөл хэлбэрээр болон бичгээр хүлээн авч болно.
4.2.3 нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал болон зохион байгуулагчдаас бүрдэнэ.
4.2.4 иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр баримт бичгийг үндэслэн тэрхүү шийдвэрийг гарахын өмнөх шатанд явагдана.
4.2.5 нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Хархорин сумын харъяат иргэд, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл байна.
4.2.6 тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа харъялалын бус иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, мэргэжлийн баг, төрийн бус байгууллагын төлөөллийг урилгаар оролцуулж болно.
4.2.7 нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч болон иргэний танхимын зохицуулагч ажилтан нь тухайн асуудлаар явагдаж буй хэлэлцүүлгийн удирдагч нь байна.

4.3 Иргэний танхимаар иргэдэд мэдээлэл түгээх

4.3.1 газар эзэмшүүлэх, өмчлөхтэй холбогдсон хууль, дүрэм журам, газар зохион байгуулалтын төлөвлөгөө тэдгээртэй холбогдуулж гаргасан ИТХ-ын тогтоол болон засаг даргын захирамж, шийдвэрүүд.
4.3.2 халамж үйлчилгээний төв болон түүний үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, гарсан шйидвэрүүд.
4.3.3 сумын хөгжлийн сангийн зарцуулалт хувиарлалтын тухай мэдээлэл.
4.3.4 иргэдийн өргөдөл, гомдол, санал, шийдвэрлэхтэй холбогдсон дүрэм, журам, гарсан шийдвэрүүд.
4.3.5 сум орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бусад олон асуудлуудын талаар иргэд олон нийтэд иргэний танхимын ажлын алба мэдээлэл хүргэх бүхий л боломжийг ашиглана.

Тав. Иргэний танхимд хэлэлцэх асуудлын төслийг олон нийтэд зарлах

5.1 Иргэний танхимын зохицуулагч нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчилах, мэдээллүүдийг цуглуулж эмхтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талын тайлан мэдээллийг бэлтгэх зэрэг ажлыг хариуцана.
5.2 Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь төслийн эх, түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг олон нийтэд зарлахаас ажлын 3 хоногийн өмнө иргэний танхимын зохицуулагчид авчирч өгнө.
5.3 Зохицуулагч нь иргэний танхимд хэлэлцэх төслийн эх, түүний товч агуулга, хэлэлцүүлэг болох он сар өдөр, цаг, үргэлжлэх хугацаа байр, санал хүлээн авах хаяг, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаяг зэргийг дурдсан албан ёсны зарыг хэлэлцүүлэг болохоос ажлын 7 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн болон боломжит бүх хэлбэрээр зарлана.

Зургаа. Хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх

6.1 Хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг зарлагдмагц дараах хэлбэрээр санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлж болно.
6.1.1 Өвөрхангай аймгийн “Хархорин сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба”-нд гэж хаягласан захидал хэлбэрээр.
6.1.2. Өвөрхангай аймгийн “Хархорин сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим”-д гэж хаяглан ирүүлсэн захидал хэлбэрээр.
6.1.3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын цахим шуудангаар ирүүлсэн захидал хэлбэрээр.

6.1.4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын албан ёсны цахим хуудсанд санал ирүүлэх хэлбэрээр.
6.1.5 иргэний танхимд болох хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох хэлбэрээр.
6.2. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд, төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно. Төсөл боловсруулагч нар асуултуудад иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр хариулт өгнө.

6.3. Асуудлын төсөл оруулж буй тал төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган, иргэний танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол асуудал оруулагч тал өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Долоо. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцох дараалал

7.1 Иргэний танхимын ажлын алба нь зөвхөн хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнөх өдөр ажлын найман цагийн турш иргэний танхимын утас, факс, цахим шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн хугацааны дарааллаар жагсаана.

7.2. Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг нээлттэй хэлэлцүүлгийн удирдагчид хэлэлцүүлэг эхлэхээс 48 цагийн өмнө танилцуулах, хэлэлцүүлэгт удирдагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээлгэн өгнө.

7.3. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн удирдагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гарсны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ.
7.3.1. иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон уригдсан хүмүүсийн нийт тоо иргэний танхимын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг иргэний танхимын байранд энэхүү журмын дагуу зарласан цагт эхлүүлэхийг.
7.3.2. хэлэлцүүлэгт оролцогчдын тоо иргэний танхимын суудлын тооноос их бол шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг өөр том байранд хийх болсныг тус тус зарлах.
7.4 Ижил байр суурьтай иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд иргэд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.

Найм. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

8.1. Иргэний танхимын хэлэлцүүлэг болох байрыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн тэмдэглэл хөтлөх хүнийг томилох, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлуудыг ажлын алба болон иргэний танхимын зохицуулагч хариуцна.

8.2. Хэлэлцүүлгийн үеэр дуу, дүрс бичлэг үзүүлж сонсгох, үзүүлэн таниулах зүйлс байрлуулах, компьютерээр материал үзүүлж танилцуулах техник хэрэгслийг байрлуулах ажлыг хэлэлцүүлэг эхлэхээс 1-2 цагийн өмнө ажлын алба бэлтгэсэн байна.
8.3 Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдэнд суудал, байрлал хувиарлах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.

Ес. Хэлэлцүүлгийн дэг

9.1 Хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлэгт оролцож буй зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал оруулж буй төсөл боловсруулагч багийг ажлын албаны ажилтан сонсгон танилцуулж, хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлгийг удирдах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.
.
9.2. Удирдагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно.
9.3. Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.

9.4. Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг удирдагч тогтооно. Ингэхдээ энэ журмын 7.1 дэх заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг баримтлан үг хэлүүлнэ.
9.5. Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч тал шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй гэрч, шинжээч, төрийн албан хаагч, судлаач, бусад зочдод хандан асуулт тавьж болно.

9.6. Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд нэг минутын хугацаа олгоно.

9.7. Хэлэлцүүлгийг удирдагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.

9.8. Хэлэлцүүлэгт оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашгирах, шүгэлдэх, хөлөө дэвслэх зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг удирдагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл иргэний танхимын ажлын алба оролцогчийг танхимаас гаргаж болно.

Арав. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

10.1. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулсан багийнхан төслийн эхийг ажлын 3-5 хоногт багтаан эцэслэн боловсруулж, ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулна

10.2. Иргэний Танхимд төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд гардуулна.

10.3. Энэ журмын 10.1 дэх заалтын дагуу боловсруулсан төслийг үндэслэн ИТХ, түүний тэргүүлэгчдээс гарсан тогтоол, шийдвэрийг сумын ИТХ-ын цахим хуудсанд байрлуулна.

10.4. Энэхүү журам нь хэлэлцүүлгээр яригдсан санал бүхнийг сумын ИТХ, түүний тэргүүлэгчид, Засаг даргаас гарсан тогтоол, захирамж, шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, саналаа чөлөөтэй илэрхийлж, сонсгох илүү өргөн боломж бий болгоход үйлчилнэ.

Арван нэг. Бусад зүйл

11.1. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөвлөгдсөн иргэний танхимын хэлэлцүүлгийг сумын ИТХ-ын дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн дагуу олон нийтэд мэдээлнэ.
11.2. Иргэний танхимын хэлэлцүүлэг Монгол хэл дээр явагдана
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр