» » АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨСӨЛ БИЧИЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛ
АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨСӨЛ БИЧИЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛ
Ядуурлыг бууруулах Япон сангийн (ЯБЯС) төслийн санхүүжилттэй Монгол Улсын Засгийн Газар (МУЗГ) болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хэрэгжүүлж буй Аймгийн Төвүүдийн Хатуу Хог Хаягдлын Менежментийн төслийн (No: 52303-001) зүгээс зорилтот аймгийн төвүүдийн бизнес, олон нийтийн бүлгүүдэд зориулан бичил тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байгаад таатай байна. Энэхүү хөтөлбөрийн мэдээлэлд бичил тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт болон бусад нөхцлүүдийг тодорхой тусгасан болно. Тэтгэлэг сонирхогч та бүхэн доорх мэдээлэл, заавруудтай анхааралтай танилцан нэмэлт асуулт байвал холбогдох хаягаар холбогдохыг хүсэе.
A. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Төслийн тухай
Аймгийн Төвүүдийн Хатуу Хог Хаягдлын Менежментийн төсөл нь 2020-2022 оны хооронд Дархан-Уул, Говь-Алтай, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төвүүдэд хэрэгжиж байна. Төслөөр дамжуулан аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгож, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Төслийн явцад дараах үр дүнг бий болгохоор зорин ажиллаж байна.
• Аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын менежментийн дэд бүтцийг бий болгоно.
• Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах аргачлалыг нэвтрүүлнэ.
• Хатуу хог хаягдлын менежмент, бодлогын талаархи олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлнэ.
Мөн аймгийн төвүүдийн оршин суугчдыг хог хаягдлыг ялган ангиллахад дадалжуулан оролцуулах замаар хүрээлэн буй орчны нөхцөл болон аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө. Ингэснээр энэхүү төсөл нь хатуу хог хаягдлын менежментийг бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх загвар төсөл болно.
Бичил тэтгэлгийн зорилго
Бичил тэтгэлэг олгох хөтөлбөр нь төслийн зорилтот сумын хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах туршлагыг нэмэгдүүлэх, сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэнэ.
Бичил тэтгэлэгт хандах боломжтой бүлэг, хуудийн этгээд
Бичил тэтгэлэг олгох хөтөлбөрийн горилогчид нь төслийн зорилтот сумын хог хаягдлыг дахин боловсруулах замаар хог хаягдлын салбар дахь олон нийтийн оролцоо болон туршлагад түшиглэн хог хаягдлыг дахин боловсруулах аргыг туршихад ресторан, дэлгүүр, албан байгууллага, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн бүлэг, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байна.
Бичил тэтгэлэг олгох тоо, хэмжээ
Зорилтот аймгийн төв бүрт:
• Дахин боловсруулах туршлагыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор дахин боловсруулалтын зөвхөн нэг бизнест 10,000 хүртэлх ам.долларын тэтгэлэг;
• Хатуу хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтыг сайжруулах төслийн санал гаргасан хамгийн багадаа 3 олон нийтийн бүлэг тус бүрт 5,000 хүртэлх ам.долларын тэтгэлгийг сонгон шалгаруулалтаар олгоно.
Бичил тэтгэлгийн гүйцэтгэлийн хугацаа, тайлагнал
Тэтгэлэг авах эрхтэй болсон бизнесийн байгууллага болон бүлгүүд тэтгэлгийн зарцуулалт, үр шимийг 2022 оны 3-р улиралд багтаан жендерийн тэгш оролцоо, шинээр бий болгосон ногоон ажлын байр, орлого болон ангилан, ялгах, боловсруулсан хатуу хог хаягдлын хэмжээ зэрэг шалгуураар баталгаажуулан тайлагнана.
Б. ТАВИГДАХ ШААРДЛАГА
Хөтөлбөрт оролцохын тулд тухайн горилогч:
• Төслийн зорилтот 4 аймгийн төвд үүсгэн байгуулагдсан, хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, ангилах, ялгах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бизнес эсвэл нийтийн бүлэг байна.
• Нэг горилогч нэгээс илүү бизнесийн төсөл илгээж болно.
• Зорилтот бус суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нийтийн бүлгүүдтэй хамтран оролцохыг хориглоно.
Төрийн өмчийн байгууллагад тавигдах шаардлагууд:
1. Төслийн зорилтот сумын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байх;
2. Орон нутгийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, цуглуулах, ангилах, ялгах, боловсруулах, дахин ашиглах зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй байх;
3. Энэхүү удирдамжинд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
4. Зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, тухайлбал эмэгтэйчүүдэд боломж олгосон байх гэх мэт, тэдгээрийн амьжиргааг нэмэгдүүлэх стратегийн зорилготой байх;
5. ХАБЭА, жендерийн мэдрэмжтэй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байх;
6. Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх;
Хувийн хэвшлийн байгууллагад тавигдах шаардлагууд:
1. Төслийн зорилтот сумын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй хувийн өмчит ашгийн төлөө аж ахуйн нэгж байх;
2. Орон нутгийн хатуу хог хаягдлыг цуглуулах, ангилах, ялгах, боловсруулах, дахин ашиглах зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй байх;
3. Энэхүү удирдамжинд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
4. Зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, тухайлбал эмэгтэйчүүдэд боломж олгосон байх гэх мэт, тэдгээрийн амьжиргааг нэмэгдүүлэх стратегийн зорилготой байх;
5. ХАБЭА, жендерийн мэдрэмжтэй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байх;
6. Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх;
Олон нийтийн бүлэгт тавигдах шаардлагууд:
1. Төслийн зорилтот сумын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй ашгийн бус хоршоо эсвэл төрийн бус байгууллага байх.
2. Орон нутгийн хатуу хог хаягдлыг бууруулахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хатуу хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах чиглэлд олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээллээр хөгжүүлэх, дадалтай болгох зэрэг төслүүдийг хэрэгжүүлдэг байх;
3. Хатуу хог хаягдлыг бууруулахад төр, хувийн хэвшил болон олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, идэвхижүүлэх туршлагатай;
4. Энэхүү удирдамжинд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
5. ХАБЭА, жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулдаг байх;
6. Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх;
Дараах үйл ажиллагааг дэмжихгүйг анхаарна уу.
• Орон нутгийн хатуу хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй зөрчилдөх, саад, хохирол учруулах үйл ажиллагаа;
• Хатуу хог хаягдалтай шууд болон шууд бусаар хамааралгүй үйл ажиллагаа;
• Шинээр үүсгэх ажлын байранд 50-иас илүү хувьд зорилтот бүлгийн иргэдийг (хог түүгч иргэд болон эмэгтэйчүүд) хамруулаагүй үйл ажиллагаа;
• Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа;
• Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангаагүй үйл ажиллагаа;
• Зорилтот сумдаас өөр байршилд явуулах үйл ажиллагаа;
• Бусад төрлийн хууль бус үйл ажиллагаанууд орно.
В. СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУВААРЬ
Бизнес сургалт нь тэтгэлэг сонирхогчдыг бизнес төсөл боловсруулахад чадавхижуулах зорилготой юм. Энэ сургалтыг төслийн зөвлөх багийн бизнес, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн, жендер болон эрүүл аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 2022 оны 2 дугаар сард доорх хуваарийн дагуу зохион байгуулна.
• Өвөрхангай аймаг, Арвайхээр сум - Удахгүй зарлагдана;
• Говь Алтай аймаг, Есөнбулаг сум - 2 сарын 17-18-нд;
• Дархан Уул аймаг, Дархан сум - 2 сарын 21-22-нд;
• Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум - 2 сарын 24-25-нд;
Г. БИЧИЛ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ИЛГЭЭХ
Хүлээн авах хугацаа
Бичил тэтгэлэг хүсэх өргөдлийн маягт, бизнес төсөл болон нэмэлт баримт бичгүүдийн бүрдлийг 2022 оны 3 сарын 11-ний өдрийн 17.00 цагаас өмнө хүлээн авна.
Заагдсан хугацаанд материалаа ирүүлсэн тэтгэлэг горилогч бүрт хүлээн авсан тухай хариу захидлыг зөвлөхийн багаас баталгаажуулан явуулна. Хэрэв тэтгэлэг горилогч материалаа заагдсан хугацаанаас (нэг секундээс эхлэн) хоцроож ирүүлсэн тохиолдолд хариу өгөхгүй болно. Иймд интернэтийн хурд, илгээх материалын багтаамж зэргээс хамааран тэтгэлгийн материал илгээх цаг хугацаагаа төлөвлөхийг анхаараарай.
Хүлээн авах цахим хаяг
Тэтгэлэг горилогч нарт төслийн мэргэжилтний eorshikh@gmail.com цахим шуудангийн хаяг руу өргөдлийн маягт, бизнесийн төсөл болон нэмэлт бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүдийн хамт “C2_Аймгийн нэр_Байгууллагын нэр_Төслийн нэр” гарчигтайгаар илгээнэ. Төслийн нэгжийн зүгээс тэтгэлэг горилогч нарт тэтгэлгийн баримт бичгүүд хүлээн авсан талаар хариуг цахим шуудан руу нь илгээнэ. Баримт бичгүүд дутуу тохиолдолд хүчингүйд тооцохыг анхаарна уу.
Бүрдүүлэх баримт бичгүүд
• Тэтгэлгийн өргөдлийн маягт татах
• Тэтгэлэг горилох бизнес төслийн загвар татах
• Тэтгэлэг горилогчид тэтгэлгийн өргөдөл, бизнес төслийг боловсруулахаас гадна доорх баримт бичгүүдийг нэмэлтээр бэлдэн илгээнэ.
Төрийн байгууллагууд:
1. Горилогч байгууллага нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай байгууллага гэдгийг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
2. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
3. Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан;
4. Байгууллагын өөрийн харилцах дансны тодорхойлолт (төрийн сан эсвэл орон нутгийн сангийн харилцах данс байж болохгүй, тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах);
5. Байгууллагын итгэмжлэгч төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийнхаа харьяат иргэн байх ёстой);
Хувийн хэвшлийн байгууллагууд:
1. Горилогч бизнес нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай байгууллага гэдгийг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
2. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан аж ахуйн нэгж байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
3. Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан;
4. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй тодорхойлолт;
5. Татварын өр төлбөргүй тодорхойлолт;
6. Аж ахуйн нэгжийн өөрийн харилцах дансны тодорхойлолт (тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах);
7. Хэрвээ тухайн байгууллага нь хоёр ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшигчдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Байгууллагын итгэмжлэгч төлөөлөгчийг томилсон тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;
9. Байгууллагын итгэмжлэгч төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийнхаа харьяат иргэн байх ёстой);
Олон нийтийн бүлгүүд:
1. Горилогч бүлэг нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалд бүртгэлтэйг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
2. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан аж ахуйн нэгж байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
3. Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан;
4. Бүлгийн өөрийн харилцах дансны тодорхойлолт (тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах);
5. Хэрвээ тухайн бүлэг нь хоёр ба түүнээс дээш гишүүдтэй бол гишүүдийн байгууллагын гэрчилгээ/иргэний үнэмлэхийн хуулбар;
6. Бүлгийн итгэмжлэгч төлөөлөгчийг томилсон тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;
7. Бүлгийн итгэмжлэгч төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийн харьяат иргэн байх ёстой);
Д. БИЗНЕС ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Өргөдлийн маягт болон бизнес төслийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ хийнэ. Шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо уялдаатай, бодит үр дүнд чиглэсэн, тодорхой байх бөгөөд чанарын үнэлэлт, дүгнэлт хийх гол үүргийг гүйцэтгэнэ. Үндсэн үзүүлэлтүүд дараах зүйлсийг чухалчлан авч үзнэ, гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
• Байгууллагын чадавх, туршлага
• Төслийн зорилго болон орон нутгийн хог хаягдлыг бууруулах стратегитэй уялдсан эсэх
• Бизнес төслийн зорилго, зорилтууд, үр дүн, хүртээмж
• Богино хугацаанд хэрэгжиж эхлэх эсэх
• Шинээр бий болгох ногоон ажлын байрны тоо
• Жендерийн тэгш оролцоо, тэгш боломж
• ХАБЭА болон бусад стандарт, горимуудын шаардлага хангасан эсэх
• Бодит төсөв, үр ашгийн тооцоолол
• Хяналт, үнэлгээний төлөвлөгөө
• Хатуу хог хаягдлыг цуглуулах, ангилах, ялгах, боловсруулах, дахин ашиглах зэрэг хэрэгжүүлэлтийн явцыг хэмжих шалгуур үзүүлэлтүүдтэй эсэх
• Тогтвортой байдал
Е. БИЧИЛ ТЭТГЭЛГИЙН ТАЛААР ХОЛБОО БАРИХ
Бизнес сургалт болон бичил тэтгэлгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 99105949 болон eorshikh@gmail.com хаягаар асуултуудаа илгээнэ үү. Мөн орон нутагт ажлын цагаар доорх утсаар холбогдон мэдээлэл авч болно.
• Өвөрхангай аймаг, Арвайхээр сум – 88124728 (Л.Цэвэлмаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ мэргэжилтэн)
• Есөнбулаг сум – 94949418 (Б. Жавзмаа, Говь-Алтай аймгийн БОАЖГ мэргэжилтэн)
• Дархан сум – 99372788 (Д. Ханджаргал, “Дархан Хот Тохижилт” ОНӨААТҮГ инженер)
• Баруун-Урт сум – 88226466 (Т. Түмэнжаргал, Сүхбаатар аймгийн БОАЖГ мэргэжилтэн)

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр